С.Бямбацогт: "Ачит-Ихт" ХХК 34 хувиа төрд үнэ төлбөргүй өгье гэсэн. Хэлэлцээр амжилттай явж байна

С.Бямбацогт: "Ачит-Ихт" ХХК 34 хувиа төрд үнэ төлбөргүй өгье гэсэн. Хэлэлцээр амжилттай явж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдаж, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоор ахлуулсан Засгийн газрын үүрэг бүхий ажлын хэсэг "Ачит Ихт" ХХК-тай хэлэлцээр хийлээ. 

ВИДЕО:

Энэхүү хэлэлцээрийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, "Эрдэнэтийн үүсмэл ордууд дээр үйл ажиллагаа явуулж байгаа гурван компани бий. “Ачит ихт”, “Эрдмин”, “Зэс эрдэнийн хувь” гэсэн гурван компанийн тодорхой хувийг төр эзэмших хэлэлцээрийг өнгөрсөн наймдугаар сард эхлүүлсэн. Энэ хэлэлэцээрийн эхний шийдэлд өнөөдөр хүрлээ. Ямартай ч төр, Монголын ард түмэн "Ачит Ихт" стратегийн үүсмэл ордын 34 хувийг төр үнэгүй эзэмших боллоо. Гэхдээ хэлэлцээр цааш үргэлжилнэ. Хувийн хэвшилдээ аль болох хүндэтгэлтэй хандах зармыг барьж ажиллаж байгаа. Төр булаах, дээрэмдэх, хүч түрэх ямар нэгэн үйлдлийг хийхгүй. Хэлэлцээрт саад бэрхшээл учирч байгаа зүйл алга. Харилцан ойлголцоод явж байна. Баялаг бүтээж татвар төлж, ажлын байр бий болгож, бизнес эрхэлж байгаа хүмүүсээ ад үзээд байх шаардлагагүй. Эцсийн эцэст энэ хүмүүс л эдийн засгийн авч явж байгаа. Тэр тусмаа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжих ёстой" гэжээ. 

"Ачит Ихт" ХХК-ийн Ажлын хэсгийн дарга Д.Цогтбаатар, "Өнөөдрийн хурлаар үүсмэл ордуудыг ашиглах тогтоолыг яаж биелүүлэх талаар хэлэлцлээ. Бид хууль, эрх зүйн хүрээнд өнөөдрийг хүртэл "Ачит Ихт" ХХК 34 хувиа төр засагтаа үнэ төлбөргүй өгье гэдэг саналаа тавьсан. Өөрөөр хэлбэл "Ачит Ихт" ХХК нь өөрийн хөрөнгөөр хайгуул хийж, үүсмэл ордынхоо нөөцийг тогтоогоод Монгол Улсын нөөцийн комиссоор батлуулсан учраас Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 заалтад хамаарагдаж байгаа. Монголын компани гэхдээ энэ байгаа хөрөнгөө хэзээ ч аваад явахгүй шүү дээ. Монголдоо л үлдэнэ. Гол нь төр арай илүү хувь авья гэдэг асуудлыг л ярьж байгаа. Үүний дагуу аль аль талдаа үр ашигтай ажиллах нь зүйтэй" гэв. 

Засгийн газрын БЭТ Ж.Батзандан, "Стратегийн орд эзэмшиж байгаа компаниуд дээр баялгийн сангийн төрийн эзэмшлийн хувь хэмжээ болон АМНАТ-аар орлуулах эсэх хэлэлцээр амжилттай үргэлжилж байгаа. Өнөөдөр Засгийн газрын үүрэг бүхий ажлын хэсэг, Ажлын нэгж, холбогдох байгууллагууд "Ачит Ихт" компанитай уулзаж хэлэлцээрээ урагшлуулж байна. Ирэх долоо хоногоос тодорхой үр дүн гарах байх. Хэлэлцээр хуулийн хүрээнд явна. Олон хуульчид хэлэлцээрт оролцож байгаа" гэлээ.