Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулинд оруулсан өөрчлөлтүүдийн үр дүнгээр өнөөдөр Монгол Улсад хөрөнгө оруулах гадны хөрөнгө оруулагчгүй, хайгуулын лицензийн тоогоо зөв мэдээлэх нэг ч компанигүй болжээ.
-МОНГОЛ УЛС БИЗНЕСИЙН ЭРХ ЧӨЛӨӨГӨӨР 119-Т ЭРЭМБЭЛЭГДЭЖ,"БАГА" ГЭЖ ҮНЭЛЭГДСЭН УЧИР ТӨРИЙН ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ДҮГНЭЖЭЭ-
Тодруулбал,"Ашигт малтмалын тухай хууль"-д "Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийг 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг харин улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон бол төр 50 хүртэл хувийг эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно" гэж заасан заалт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчгүй болоход ихээхэн нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд хэлдэг.
Мөн түүний Засгийн газар дотоодын өнгөтэй, өөдтэй хэдхэн компанийнхаа бизнесийн нэр хүндийг олон нийтийн дунд зориудаар унагаж, улс төр, татварын дарамтаар булж хямраасан. Харин эсрэгээрээ төрийн өмчит компаниудын бүтцийг нэмэгдүүлж, төсвийн үрэлгэн зардлыг өсгөжээ. Үр дүнд нь төсөв 2.8 их наядаар тасалдаж, 22 мянган аж, ахуй нэгж татварын өрөнд орж дансаа хаалган “Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индекс”-ээр 176 улсаас 60.6 оноотойгоор 76 дугаар байранд эрэмбэлэгдсэн байна.
Шалгуур үзүүлэлтүүдийн оноогоор нийт 176 орноос “өмчийн эрх”-ийн үзүүлэлтээр 92-т эрэмбэлэгдэж “муу”, “төрийн зарчимт байдал” үзүүлэлтээр 117-д эрэмбэлэгдэж “муу”, бизнесийн эрх чөлөө” үзүүлэлтээр 119-т эрэмбэлэгдэж “бага” гэж үнэлэгдсэн байна.
Үүнд дүгнэлт хийн иргэдийн эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрх чөлөөг хангах, төрийн албаны авлигатай тэмцэх, бизнесийн үйл ажиллагаанд төрөөс тавьсан хязгаарлалтыг бууруулах, хөрөнгө оруулалтын эрсдэлийг багасгах зэрэг шаардлагатай байгааг х өнөөдрийн Засгийн газраас дүгнэжээ.

Тиймээс Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг санаачилж, аж, ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг сэргээх, татвар дарамтыг багасгах, олноороо ажиллаж мөнгөтэй болох тэр хэрээр эдийн засгийг сэргээх чиглэлд ажиллахаар зорьжээ.
Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нарын өргөн барьсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиар бизнес эхлүүлэхтэй холбоотой тусгай зөвшөөрлийг хялбарчлах, зах зээл дэх төрийн оролцоог бууруулах, татварын хувь хэмжээг салбар харгалзан бууруулах, гадаад худалдааг хялбарчлах хүрээнд бүрдүүлэх баримт бичигт хугацааг бууруулах, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг эрх тэгш авч үзэх, хөрөнгө оруулалтын зохицуулалт, үр ашиг сул байдал, хүнд суртлыг бууруулах, баталгааг хангах, маргаан шийдвэрлэлттэй холбоотой шүүхийн үйл ажиллагааны чанарыг сайжруулах, авлигын эрсдэлийг бүрдүүлж буй тогтолцооны гажуудлыг арилгах, төлбөрийн чадваргүй байдлыг шийдвэрдэх хугацааг багасгах, хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрийг хангана гэж зорьсон байна.
-АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧИЙГ ДОРОМЖЛОХ, ГҮТГЭХ, БИЕ МАХБОДОД ХАЛДАХ, ЭД ХӨРӨНГИЙГ СҮЙТГЭХ, НЭР ХҮНДЭД ХАЛДСАН ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХЫГ ХОРИГЛОНО ЗЭРГЭЭР ХУУЛЬД ТУСГАЖЭЭ-
Тухайлбал, эл хуулинд хуулиар
- Хориглосноос бусад аж ахуйн үйл ажиллагааг хуулийн дагуу чөлөөтэй эрхлэх,
- Төрийн үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем, албаны цахим шуудан, нийтийн мэдээллийн системийг ашиглан, эсхүл нэг цэгийн үйлчилгээний хэлбэрээр шуурхай үзүүлнэ,
- Төрийн хяналт шалгалтын давхардлыг арилгах, зөвшөөрөл олгох ажиллагааг хялбарчлах, гомдол шийдвэрлэлтийн талаар олон нийтэд нээлттэй үйл ажиллагааг жилд 1-ээс доошгүй удаа зохион байгуулна,
- Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн хүсэлт, гомдол, өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөх, шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээллийг цахим хэлбэрээр харах боломжийг бүрдүүлнэ,-Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн үйл ажиллагаанд хуульд заагаагүй хяналт, шалгалт хийх, хяналт шалгалтыг удаашруулахыг хориглоно,
- Хувийн өмчийг хууль бусаар шууд болон шууд бус хэлбэрээр хураан авахыг хориглоно
- Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийг доромжлох, гүтгэх, бие махбодод халдах, эд хөрөнгийг сүйтгэх, нэр хүндэд халдсан худал мэдээлэл тараахыг хориглоно
- Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын гэрээнд орон нутагт эдийн засгийн эрх чөлөөг хангах талаар тусгаж, үр дүнг үнэлж дүгнэнэ зэргээр тусгаж өгчээ.
Хуулийн төслийн дэлгэрэнгүйг ЭНД дарж унших. Гэхдээ зарим мэргэжилтнүүд тус хуулийг зүйл, заалт бүрээр нь илүү тодорхой болгох, дагалдуулж татварын болон бусад хуулиудаа өөрчлөх шаардлагатай гэсэн шүүмжлэлийг хэлж байна. Хэрвээ ингэж чадахгүй бол тунхагийн шинж чанартай хууль болох магадлалтай гэж тэд үзэж буй бөгөөд нөгөө талаар Эдийн засгийн эрх чөлөөг тунхагласан хууль гарч байгаа нь давуу талтай бөгөөд явцдаа илүү сайжруулах ёстой гэж дүгнэж байгаа аж.