н.Ариунаа: Монголчуудын хоол үнэхээр амттай болохоор би 100 кг хүртлээ идсэн ч шоунд оролцоод 20 орчим кг жин хасаж чадлаа

н.Ариунаа: Монголчуудын хоол үнэхээр амттай болохоор би 100 кг хүртлээ идсэн ч шоунд оролцоод 20 орчим кг жин хасаж чадлаа

“Anuhai’s Fitness” шоуны дөрөв дэх дугаар өндөрлөж, ялагчид энэ сарын 15-нд тодорлоо. Энэ удаагийн дугаарын нэгэн онцлог оролцогч бол БНХАУ-ын ӨМӨЗО-ы оролцогч Ариунаа байлаа. Түүний хөгжилтэй зан, өөрийнхөөрөө байдал, эелдэг зан зэрэг олны хайрыг хүртдэг билээ. Тэгвэл энэ удаагийн “Сошиал ID” буландаа түүнийг урьж, шоу нэвтрүүлэг болон хувь хүний тухай цөөн хором ярилцлаа.

ВИДЕО:

"Г.ОТГОНЦЭЦЭГ ЭГЧ ЯЛАГЧ БОЛСОНД МАШ ИХ БАЯРТАЙ БАЙГАА"

-Уншигчдад маань өөрийгөө товч танилцуулбал.

-Миний нэрийг Ариунаа гэдэг. Одоо 34 нас хүрч байгаа. Өвөр Монголын Шилийн гол аймгийнх. Монгол улсад ирээд сурч, ажиллаж амьдраад гурван жил болж байна. Одоо МУБИС-ын түүхийн докторант. Хувиараа бизнес эрхэлдэг. Хүмүүс сошиал хаягийн нэр буюу Мантуун бууз гэдэг нэрээр сайн мэддэг. “Anuhai’s Fitness” шоуны оролцогч байна.

-Шоу дууслаа. Сэтгэгдэл хэр байна.

-“Anuhai’s Fitness” шоундаа бол маш их баярлаж байна. Намайг урьж оролцуулна гэж бодоогүй. Зарим хүмүүс энэ шоунд оролцож байгаа хүмүүс төлбөр төлж, оролцсон гэх мэдээлэл гаргасан байсан. Энэ бол худал мэдээлэл шүү. Шоуны багийнхан хүмүүсээ сонгож, урилга илгээсэн юм. Ялагчаар жүжигчин Г.Отгонцэцэг эгч тодорсонд маш их баяртай байна. Хамгийн гайхалтай өөрчлөлт гаргасан оролцогч мөн. Миний хувьд энэ шоунд оролцсон цагаас эхлэн ялагч болно гэсэн амбицгүй байсан. Хэрэв сүүлийн дугаарыг үзсэн хүмүүс бол мэдэх байх. Би өөрийнхөө биеийн өөрчлөлтийг ч танилцуулаагүй. Ер нь тийм амбицтай хүн биш.

-Шоуны оролцогчдоос Япон улсын иргэн Томокотой нэлээн дотно байсан санагдсан.

-“Anuhai’s Fitness” шоуны эхний дугаар гарахад Томоко эгчтэй нэг өрөөнд ормоор байсан. Харин дараа нь өрөөгөө солих үед нэг өрөөнд орсон юм. Томоко эгчтэй маш сайн найзууд болж чадсан. Найз гэхээс гадна маш сайн эгч, байлдан дагуулагч байсан. Томоко эгчтэй танилцсандаа маш их баяртай байгаа. Шоу дууссан ч харилцаатай байх болно.

"АЙЛЫН ГАНЦ ОХИН УЧИР МАШ ЭРХ, ТАНХИЛ ӨССӨН"

-Монголд ирээд гурван жил болж байгаа тухай дурдлаа. Энэ хугацаанд Монгол улсад дасан зохицох тал дээр хэр байв. Хоол хүнс тал дээр хүндрэл гардаг тухай дурдсан байсан.

-Би Монголд ирээд эхний жил хаана, юу байдаг гэдгийг мэддэггүй байлаа. Харин гурван жилийн дараа гэхэд Монголчуудад хаана, ямар гоё хоолтой ресторан байдаг гэдгийг зааж өгөх хэмжээнд хүрсэн байна. Миний хамгийн дуртай ресторанууд Төв талбайг тойроод бий. Томоко эгч бид хоёрын яагаад сайн найзууд болсон шалтгаан нь хоол. Томоко эгч бас идэх дуртай. Энэ биеэ 100 килограмм хүртэл идсэн хүн шүү дээ. /инээв/

-Сошиалд багагүй дагагчтай, контент бүтээгч шүү дээ. Яагаад сошиалд бичлэг хийж эхлэх болсон бэ?

-Би өөрийн нутагтаа байхдаа ч онлайнаар бараа борлуулдаг байсан. Монголд ирээд үргэлжлүүлэн бараа бүтээгдэхүүнээ борлуулахаар сошиалд бичлэг хийж эхэлсэн. Гэтэл маш олон дагагчтай болчихсон. Гурван жилийн өмнө яг 12 сард Монголд ирж байсан байна. 2025 онд Монгол улс надад их ээлтэй байлаа. Маш сайхан шоунд оролцсон. Мөн олон хүнд танигдаж, хайрлагдсан. Энэ жил үнэхээр сайхан жил болж өнгөрлөө.

-Одоо хоёулаа гэр бүлийнх нь талаар ярилцъя. Ах, эгч, дүү бий юу?

-Би айлын ганц охин. Шоуны үеэр ч намайг яасан эрх юм бэ гэх сэтгэгдлүүд их бичиж байсан. Би айлын ганц охин болохоор их эрх, танхил өссөн.

-Гэр бүл, төрж өссөн нутгаа санах үе байдаг байх.

-Гэр бүл, нутгаа санаж байна уу гэж их асуудаг. Надад тэгж хэлэх хүн байхгүй. Учир нь биеэ дааж амьдрах шийдвэр гаргаж, нутгаасаа гарсан шүү дээ. Гаргасан шийдвэртэй эзэн байх хэрэгтэй. Мөнгөгүй болсон үедээ ээжийгээ илүү санадаг./инээв/

-Монголд ирж амьдрах шийдвэр гаргах үед гэр бүл нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Манай гэр бүлийн хувьд маш нээлттэй хүмүүс. Чи ийм мэргэжил сонго, тийм зүйл хий зэргээр амьдрал огт заадаггүй. Одоо 34 нас хүрч байгаа ч хүнтэй суу, хүүхэдтэй бол зэргээр огт заадаггүй. Тийм болохоор шийдвэрийг маань хүндэлсэн.

-Гурван жил өнгөрсөн байна. Төрж өссөн нутгаасаа юуг их санаж байна.

-Ингэж хэлэхээр хүмүүс зэмлэх байх. Гэхдээ би хоолоо маш их санаж байна.

"АМЬДРАЛЫН БОЛОМЖ ТААРУУ АЙЛЫН ӨСВӨР НАСНЫ ОХИДОД АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГЛЭЛ БЭЛЭГЛЭЖ БАЙХААР ШИЙДСЭН"

-Монголд яагаад түүхийн чиглэлээр суралцахаар болов.

-Би БНХАУ-ын Хөт хотод Багшийн сургуульд түүхийн чиглэлээр бакалавр, магистрын зэргээ хамгаалсан. Ингээд дөрвөн жил орчим суралцаагүй. Тэгээд үргэлжлүүлэн Монголд дуртай чиглэлээрээ суралцаж байна. Одоо МУБИС-д докторантын зэргээ хамгаалахаар суралцаж байна. Гэхдээ багшлах гэж суралцдаггүй. Харин дуртай чиглэлээ мэдэх гэж суралцдаг. Би ер нь хувиараа юм хийх дуртай. Эрх чөлөө надад маш чухал. Хэрэв би нэг байгууллагат ажиллаж эхэлбэл цагт баригдаж эхэлнэ шүү дээ.

-Цаашид Монголд амьдрах бодолтой байна уу?

-Тийм ээ. Надад Монгол ээлтэй санагддаг. Мөн сошиалд илүү идэвхтэй ажиллая гэсэн бодолтой байгаа.

-Сошиалд цаашид ямар чиглэлээр дагнасан контент хийх сонирхолтой байна.

-Би цаашид өөрийн мэддэг чаддаг зүйлс, туршлагаас хуваалцсан зүйлс хийх төлөвлөгөөтэй байна. Миний хувь хүний үзэл бодол эмэгтэйчүүдийг хамгаалах талд байдаг гэх үү дээ. Эмэгтэйчүүд юуг ч хийж чадна гэсэн үзэл бодолтой. Мөн өөрийнхөө орлогоос амьдралын боломж тааруухан айлын өсвөр насны охидод ариун цэврийн хэрэглэл бэлэглэж байхаар шийдсэн. БНХАУ-тай харьцуулахад ариун цэврийн хэрэглэл үнэтэй санагдсан.

"МОНГОЛД ИРЭЭД ТЭРЭЛЖИЙГ Л ҮЗСЭН"

-Гурван жил гэдэг багагүй хугацаа. Монголд хэр их аялж чадсан бэ?

-Надаас олон хүн энэ асуултыг асуудаг. Би Тэрэлж л орж үзсэн. Тийм учир цаашид аялах төлөвлөгөө бий. Өвлийн болон зуны Хөвсгөл далайг үзэхийг хүсэж байна. Гэхдээ ганцаараа аялна. Учир нь би хэн нэгэнд баригдаж байх дургүй.

-Цаашид 45 хоногийн хугацаанд сурсан дасгал хөдөлгөөн, хоолны дэглэм зэргээ үргэлжлүүлэх үү?

-Тийм ээ. Дасгал хөдөлгөөн маш хэрэгтэй шүү дээ. Олон хүн надаас ингэж асууж байгаа. Олон нийтийн хүлээлгэсэн итгэл болон багшдаа амласан амлалтдаа хүрнэ. Одоо ч би өдөр бүр дасгал хөдөлгөөнөө хийсээр л байгаа. Идмээр санагдах үе олон байдаг ч хичээх болно. Би багшийнхаа итгэлийг алдмааргүй байгаа учир амлалтдаа хүрч 70 килограмм болно.

-Ярилцсанд баярлалаа.