Лионель Мессигийн Энэтхэгээр хийж буй аялан тоглолтын хүрээнд Калькутта хотын Солт Лейк цэнгэлдэх хүрээлэнд болсон арга хэмжээ эмх замбараагүй байдалд хүрч, ууртай хөгжөөн дэмжигчид сандал, усны сав зэрэг эд зүйлсийг талбай руу шиджээ.
ВИДЕО:
Хөлбөмбөгийн одыг биечлэн харахын тулд мянга мянган хөгжөөн дэмжигч 12,000 рупи буюу ойролцоогоор 133 ам.доллар төлсөн ч Л.Месси олны өмнө гарч ирэх үед түүнийг олон тооны албан тушаалтан, алдартнууд хүрээлж, үзэгчдэд ойртох боломж олгоогүй нь бухимдлыг улам нэмэгдүүлсэн байна.
Аргентин болон Интер Майами багийн довтлогч Л.Мессиг хамгаалалтынхан 20 минутын дараа талбайгаас эрт авч гарсан нь зарим үзэгчийг дайсагнасан үйлдэл гаргахад хүргэжээ.
Энэтхэгийн Баруун Бенгалийн нөлөө бүхий албан тушаалтан Мамата Банержи уг явдалд “гүнээ харамсаж, цочирдсон” гэдгээ илэрхийлж, мөрдөн шалгах хороо байгуулснаа мэдэгдсэн байна. Тэрбээр цэнгэлдэх хүрээлэнд болсон эмх замбараагүй байдлын төлөө Л.Месси болон спорт сонирхогчдоос уучлалт гуйжээ. М.Банержи Twitter хуудастаа “Мөрдөн шалгах хороо уг явдлыг нарийвчлан шалгаж, хариуцлага хүлээх этгээдүүдийг тогтоон, цаашид ийм нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх санал боловсруулна” хэмээн мэдэгдсэн байна.

Л.Мессигийн хэвлэлийн төлөөлөгч түүнийг урьдчилан тохиролцсон хөтөлбөрийн дагуу оролцсон хэмээн тайлбарлажээ. Энэтхэгийн цагдаагийн байгууллага арга хэмжээг үймүүлсэн “ерөнхий зохион байгуулагч”-ийг баривчилсан талаар AFP мэдээлсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Мөн эрх баригчид тасалбар худалдан авсан үзэгчдэд мөнгийг хэрхэн буцаан олгох талаар судалж эхэлжээ.
Тэгвэл Бүх энэтхэгийн хөлбөмбөгийн холбоо (AIFF) энэхүү арга хэмжээнд оролцоогүй, “хувийн зохион байгуулалттай үйл ажиллагаа” байсан хэмээн мэдэгдсэн байна.
Л.Месси Энэтхэгт Калькутта, Хайдарабад, Мумбай, Дели хотуудад зохион байгуулагдах “Бүх цаг үеийн хамгийн агуу” нэртэй сурталчилгааны цуврал арга хэмжээний хүрээнд айлчилж байгаа аж. Түүний аялал Калькутта хотод 27 хоногийн турш барьсан, 21 метр өндөр хөшөөг нээснээр эхэлсэн бөгөөд аюулгүй байдлын үүднээс Л.Месси уг ёслолд виртуал байдлаар оролцжээ.

Л.Месси эхэндээ цэнгэлдэх хүрээлэнд гарч хөгжөөн дэмжигчдэд далласан ч арга хэмжээ гэнэт дууссаны дараа зарим бухимдсан үзэгч талбай руу орж, туг, майхан эвдэн, хуванцар сандал, усны сав шидсэн байна. AFP агентлагийн мэдээлснээр, 2022 оны дэлхийн аварга, хөлбөмбөгийн түүхэн дэх шилдэг тоглогчдын нэгт тооцогддог Л.Месси богино хэмжээний үзүүлбэрийн тоглолт хийхээр төлөвлөж байсан аж.
Калькутта хот нь Баруун Бенгал мужийн нийслэл бөгөөд крикет давамгайлсан Энэтхэгт хөлбөмбөгийн хамгийн үнэнч хөгжөөн дэмжигчидтэй хотуудын нэгт тооцогддог байна. Бямба гараг /2025.12.13/-ийн өглөө эрт хэдэн мянган хүн Л.Мессигийн байрлаж байсан зочид буудлын гадна цугларч, түүнийг харахыг оролдсон байна. Бенгалуру хотоос 1,900 км зам туулан ирсэн 24 настай хуульч Хитеш BBC агентлагт ярилцлага өгөхдөө, “Л.Месси бол миний хамгийн их биширдэг тоглогч. Түүний авьяастай хэн ч эн зэрэгцэхгүй. Тэр надад авьяас байвал юу ч хийж чадна гэсэн итгэлийг өгдөг” гэжээ.
Эх сурвалж: BBC