АНУ Венесуэл улсад үзүүлж буй дарамт шахалтын кампанит ажил эрчимжүүлж тус улсын ерөнхийлөгч Николас Мадурогийн гурван ач хүү болон бусад этгээдэд хориг арга хэмжээ авснаа мэдэгджээ. Хоригт хамрагдсан ач хүүгийн хоёр нь өмнө нь АНУ-д хар тамхины наймаатай холбоотой хэргээр яллагдаж, улмаар хоригдлуудын солилцооны хүрээнд суллагдаж байсан аж.
Мөн АНУ Венесуэлийн газрын тосны салбарыг онилон, тус улсын газрын тосыг тээвэрлэсэн гэж үзсэн Панамын нэг бизнесмэн болон зургаан тээврийн компанид хориг арга хэмжээ авчээ. Түүнчлэн АНУ-ын Сангийн яам Н.Мадурогийн засгийн газарт санхүүгийн эх үүсвэр олгосон “хуурамч, аюулгүй бус тээвэрлэлтийн үйл ажиллагаа”-нд оролцсон зургаан хөлөг онгоцыг илрүүлснээ мэдэгдсэн байна.
Эдгээр хориг арга хэмжээнүүд нь АНУ Венесуэлийн эрэг орчмоос газрын тос тээвэрлэж явсан хөлөг онгоцыг хураан авснаас нэг хоногийн дараа зарлагджээ.
АНУ-ын Ерөнхий прокурор Пэм Бонди уг хөлөг онгоц нь “Венесуэл, Иран зэрэг гадаадын террорист байгууллагуудыг дэмждэг хууль бус газрын тос тээвэрлэлтийн сүлжээнд оролцсон” гэх үндэслэлээр олон жилийн турш АНУ-ын хоригт хамрагдаж ирсэн гэж мэдэгдсэн байна. Харин өчигдөр /2025.12.11/ Н.Мадуро уг хөлөг онгоцыг хураан авсан явдлыг “Карибын тэнгист эрүүгийн шинжтэй далайн дээрэмчдийн шинэ эрин эхэлснийг илтгэж байна” хэмээн мэдэгджээ. Мөн Венесуэлийн засгийн газар өчигдөр Олон улсын далайн байгууллагад албан ёсны гомдол гаргаж, АНУ-ын зүгээс хөлөг онгоцыг хураан авсан үйлдлийг эрс буруушаасан байна.
Эх сурвалж: CNN