Спортын салбарын оны шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно-2025” тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо.
Наадмын шилжин явах цом буюу “Бөртэ чоно-2025” шилдгийн шилдэг тамирчнаар гавьяат тамирчин Т.Тулга шалгарлаа. Тэрээр чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн амжилтаараа энэ шагналыг хүртжээ. Мөн эрэгтэй шилдэг тамирчнаар боксын ДАШТ-ий мөнгөн медальт А.Баттулга, жүдо бөхийнй ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк нар шалгарлаа. Эмэгтэй тамирчдаас боксын ДАШТ-ий хүрэл медальт Л.Алтанцэцэг, жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Ганхайч болон чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон нар “Бөртэ чоно 2025”-ын эзэн боллоо. Мөн оны шилдэг багаар сагсан бөмбөгийн 3х3 эмэгтэйчүүдийн шигшээ баг шалгарсан. Монгол Улсад болсон 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн амжилтаараа шигшээ баг хамгийн өндөр саналыг авчээ. “Бөртэ чоно-2025" наадмын шилдэг залуу тамирчнаар жүдо бөхийн өсвөрийн дэлхийн аварга М.Цэндбазар, шилдэг зүтгэлтэнээр гэрэл зурагчин Д.Нямбилэг нар шалгарлаа. 2025 оны онцлох амжилт шагналыг “Physical Asia” багийн хамт хүртлээ.