Вьетнам улс "залилангийн алдагдал"-ыг нөхөхийн тулд магнат Труонг Ми Ланы Hermès цүнх, дарвуулт завийг зарахаар болжээ

Вьетнам улс "залилангийн алдагдал"-ыг нөхөхийн тулд магнат Труонг Ми Ланы Hermès цүнх, дарвуулт завийг зарахаар болжээ

Вьетнамын эрх баригчид улсын түүхэн дэх хамгийн том санхүүгийн залилангийн хэргүүдийн нэгт холбогдсон магнат Труонг Ми Ланы тансаг хэрэглээний эд хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулж, учруулсан хохирлыг нөхөхөөр болжээ. Иймээс Труонг Ми Ланы өмчид багтаж байгаа хоёр Hermès Birkin цүнх болон тансаг зэрэглэлийн дарвуулт завь олны анхаарлыг татаж байна.

Труонг Ми Лан Вьетнамын тав дахь том зээлдүүлэгч болох Сайгоны Коммершиал Банкийг олон жилийн турш нууцаар хянаж, хуурамч компаниудын сүлжээгээр дамжуулан 44 тэрбум ам.долларын зээл, бэлэн мөнгө завшсан хэргээр буруутгагдсан байна. Шүүх түүнийг 27 тэрбум ам.долларын хохирол учруулсан гэж үзээд бүх насаар нь хорих ял оноож, хохирлыг бүрэн барагдуулахыг тушаасан байна. 

Хо Ши Мин хотын Иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдээлснээр, түүний өмчөөс хураагдсан матрын арьсан Hermès Birkin цүнхнүүдийг одоо мэргэжлийн үнэлгээчдээр үнэлүүлэхээр бэлтгэж байна. Ийм төрлийн цүнх зах зээл дээр хэдэн зуун мянган ам.долларын үнэд хүрдэг бөгөөд цуглуулагчдын дунд ховор, үнэ цэнтэйд тооцогддог аж.

Үүнээс гадна Труонг Ми Ланы эзэмшиж байсан тансаг дарвуулт завь ирэх сард дуудлага худалдаанд орж, 49.3 тэрбум Вьетнам донгоос эхлэх үнээр зарагдах төлөвтэй байна. Өмнөх дуудлага худалдаанд худалдан авагч олдоогүй тул энэ удаад үнийг бууруулж, дахин санал болгохоор болжээ. Мөн түүний өөр хоёр завийг тус бүр 4.8 тэрбум донгоор худалдаанд гаргахаар төлөвлөсөн байна.

Сонирхуулахад, шүүх хурлын үеэр Труонг Ми Лан Hermès цүнхнүүдээ хүүхэд, ач зээ нартаа дурсгал болгон үлдээхийг хүсэж, нэгийг нь Италиас худалдаж авсан, нөгөөг нь Малайзын бизнесмэний бэлэг байсан хэмээн тайлбарласан ч шүүх эдгээрийг хууль бусаар олсон хөрөнгө гэж үзэн хураан авсан байна. 

Түүний хэрэгт нөхөр, зээ охиныг нь оролцуулан 80 гаруй хүн ял сонссон байна. Одоогоор түүний компанийн эзэмшил, үл хөдлөх хөрөнгө зэрэг 1200 гаруй хөрөнгийг хураан авч, үе шаттайгаар борлуулж, залилангийн улмаас хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгох ажиллагаа үргэлжилж байгаа ажээ. 

Эх сурвалж: BBC