АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа Украинд хийж буй Оросын дайныг зогсоох зорилготой 28 заалттай нууц энхийн төлөвлөгөө боловсруулж, Оросын талтай ярилцаж бaйгаа талаар Axios, Reuters зэрэг хэвлэлүүд дотоод эх сурвалжуудаас иш татан мэдээлжээ.
Энэ төлөвлөгөө нь Украины тодорхой нутаг дэвсгэрийг Орост өгч, үүнийхээ оронд Украин болон Европт АНУ-аас аюулгүй байдлын баталгаа өгөх схем дээр тулгуурлаж байгаа гэжээ. Уг төлөвлөгөөний хамгийн маргаантай хэсэг нь Украин цэргээ Донецк, Луганскийн бүс нутгаас бүрэн гаргах, үүний дараа тэдгээрийг “цэрэггүй бүс” болгон зарлах санал аж. Гэвч газар нутгийн хяналт Оросын талд очихоор байгаа нь Украины хувьд нутаг дэвсгэрийн бодит алдагдлыг хүлээн зөвшөөрөхтэй дүйцэж болзошгүй байгаа аж.
Үүнээс гадна төлөвлөгөөнд Крым болон Донбассын статусыг Оросынх хэмээн олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөх механизмыг тусгажээ. Харин үүн дээр Украин албан ёсоор зөвшөөрөл өгөхгүй ч гуравдагч орнууд, тэр дундаа АНУ эдгээр газар нутгийг Оросын бүрэлдэхүүн гэж үзэх хувилбар яригдаж буй талаар эх сурвалжууд дурдсан байна.
Мөн Херсон болон Запорожийн чиглэлд одоогийн фронтын шугамыг зогсоож, цаашид фронтын шугам өөрчлөгдөхгүй байх зарчмыг баримт бичигт тусгасан гэж мэдээлж байна. Ирээдүйд тодорхой сууринг Украины талд буцааж өгөх боломжийн талаар ноорогт дурдах ч энэ нь ямар нөхцөл, ямар хугацаанд хэрэгжих нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Мөн Украины зэвсэгт хүчний хэмжээг бууруулах, холын зайн цохилтын зэвсгээс татгалзуулах зэрэг цэргийн хязгаарлалтыг төлөвлөгөөнд багтааж, үүний оронд АНУ-аас Украинд болон Европт илүү өргөн хүрээтэй аюулгүй байдлын баталгаа олгох хувилбарыг санал болгосон гэх мэдээлэл гарчээ.
Энэхүү энхийн төслийн боловсруулалтын ажлыг Д.Трампын онцгой төлөөлөгч, үл хөдлөх хөрөнгийн бизнесмен Стив Уиткофф удирдсан бол Оросын талын гол хэлэлцэгчээр Кремлийн тусгай төлөөлөгч, Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев ажилласан гэж эх сурвалжууд хэлжээ. К.Дмитриев сүүлийн өдрүүдэд өгсөн ярилцлагынхаа үеэр “Оросын байр суурь анх удаа бодит байдлаар сонсогдож байна” гэж онцлон мэдэгдсэн нь Москва дээрх төлөвлөгөөг эерэгээр хүлээн авч буйг илтгэж байгаа аж.
Тэгвэл Стив Уиткофф уг төлөвлөгөөг танилцуулах зорилгоор Украины удирдлагуудтай, түүний дотор Ерөнхийлөгч В.Зеленскийн хүмүүсийн заримтай нь уулзсан ч Украин тал гол зарчмуудыг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн байр суурьтай байгааг албан бус эх сурвалжууд мэдээлсэн байна. В.Зеленскийн оролцоотойгоор Туркт хийхээр төлөвлөж байсан гурван талын уулзалт буюу Украин-АНУ-Турк ч энэ төлөвлөгөөнтэй холбоотой маргааны улмаас цуцлагдсан гэж мэдээлж байгаа бөгөөд Украины тал үүний оронд өөрийн санал, өөрийн “ялалтын төлөвлөгөө”-г тавьсан гэгдэж байна.
Украины албаныхан болон улс төрийн хүрээний ажиглагчид Д.Трампын энхийн төслийг Оросын эзлэн түрэмгийллийг хуульчлан баталгаажуулах алхам, Украинд бодит батлан хамгаалалтын механизмаас илүү амлалт, тодорхой бус баталгаа үлдээх хувилбар гэж үзэн эрс шүүмжилж байгаа аж.
Тэд үүнийг өмнө нь яригдаж байсан Истанбулын хэлэлцээрийн ноорогтой адил, Украины ялагдлыг гадаад хэлбэрээр “энхийн тохиролцоо” болгож харагдуулах оролдлого гэж дүгнэж байгаа юм. В.Зеленскийн засаг захиргаа өмнө нь олон улсын тавцанд танилцуулсан 10 заалттай энхийн санаачилга, “ялалтын төлөвлөгөө”-дөө тууштай байгаа бөгөөд 2014 оноос өмнөх хилээ бүрэн сэргээх, Оросын цэргийг бүх эзлэгдсэн нутаг дэвсгэрээс гаргах, бодит аюулгүй байдлын баталгаа авах гэдэг үндсэн байр сууринаасаа ухрахгүй гэдгээ онцолж байгаа юм.
Тэгвэл барууны орнууд болон АНУ-ын Конгресс дотор Украиныг дэмжигч гишүүд энэ төслийг Оросын түрэмгийллийг шагнаж буйтай адилтган шүүмжилж, үүнээс татгалзах ёстойг онцолж байгаа ажээ.
Одоогийн байдлаар Д.Трампын засаг захиргааны боловсруулсан гэж буй 28 заалттай энхийн төлөвлөгөө нь албан ёсоор батлагдсан гэрээ бус, дотоод хүрээнд хэлэлцэж буй ноорог баримт бичгийн түвшинд байгаа юм. Үүнийг Украин тал хүлээн зөвшөөрөөгүй, Москва-Вашингтоны хооронд ч эцсийн хэлэлцээр, гарын үсэг зурсан хэлцэл байхгүй байгаа тул уг санаачилга үргэлжлэн өөрчлөгдөх, эсвэл бүрэн нурж алга болох магадлал өндөр байгаа ажээ.
Эх сурвалж: BBC