Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар ажиллаж байсан Ч.Номин нь "Монголын электрон спортын холбоо"-г Үндэсний шигшээ багт оруулснаар "The MongolZ” баг "Ногоон паспорт"-тай болж, тэд гадаадын тэмцээнд оролцох бүрэн боломжтой болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд асан Ч.Номин өөрийн нөхрийн үүсгэн байгуулсан гэх "Монголын электрон спортын холбоо"-нд давуу байдал үүсгэж, Үндэсний шигшээ багт оруулсан уу, энэ нь хууль зөрчсөн үйлдэл үү гэдэг нь өдгөө олны анхаарлыг татаж байна.
"Монголын электрон спортын холбоо"-г 2019 оны гуравдугаар сарын 14-ний өдөр "Электрон спортын зөв хэрэглээг олон нийтэд сурталчлан таниулах, ижил зорилготой байгууллагуудтай хамтарч ажиллах" зорилгоор үүсгэн байгуулж байжээ. Өдгөө тус холбооны удирдах зөвлөлийн даргаар дуучин Укагийн нөхөр Г.Эрдэнэчулуун бүртгэлтэй байгаа бол Ерөнхий нарийн бичгийн даргаар нь А.Амаржаргал гэх хүн ажилладаг байна. Харин тус холбооны дэд ерөнхийлөгчөөр сайд асан Ч.Номингийн нөхөр Г.Бат-Эрдэнэ ажилладаг гэх мэдээлэл байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд асан Ч.Номин нь өөрийн нөхөр Г.Бат-Эрдэнийнхээ үүсгэн байгуулалцсан гэх "Монголын электрон спортын холбоо"-г өөрийн эрх мэдлийн хүрээнд Үндэсний шигшээ багт оруулж байжээ.
Тодруулбал, Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д зааснаар буюу Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн улсын төсөв болон Спортыг дэмжих сангаас дэмжлэг үзүүлэх спортын төрөл ангиллыг сонгох, үндэсний шигшээ багийг бүрдүүлэх бүрэн эрхтэй гэж заасны дагуу "Монголын электрон спортын холбоо"-г Үндэсний шигшээ багт оруулсан байна. Харин үүнд нь түүний нөхөр "Монголын электрон спортын холбоо"-ы дэд ерөнхийлөгч Г.Бат-Эрдэнэ нар нөлөөлсөн үү гэдэг нь анхаарал татах сэдэв яах аргагүй мөн.
-"МОНГОЛЫН ЭЛЕКТРОН СПОРТЫН ХОЛБОО"-Г ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГТ ОРУУЛСАН АСУУДЛЫГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАХ УУ-
Нөгөөтээгүүр, уг холбоог Үндэсний шигшээ багт оруулах "ажиллагаа" нь эртнээс төлөвлөж хийсэн зүйл үү гэх хардлага мөн энд төрж байгаа юм. Учир нь, "Монголын электрон спортын холбоо"-г Үндэсний шигшээ багт оруулахаас өмнөхөн буюу 2024 оны арванхоёрдугаар сард Монголын Үндэсний олимпын хорооноос тус хорооны дэргэдэх “Цахим спортын комисс”-ыг байгуулсан байна.
Ингэхдээ “Цахим спортын комисс”-ын даргаар Монголын Үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, харин дэд даргаар нь "Монголын электрон спортын холбоо"-ны дэд ерөнхийлөгч Г.Бат-Эрдэнийг сонгосон байгаа юм.
Товчхондоо, гэр бүлийн найзууд гэдгээ олноос нуудаггүй сайд асан Ч.Номин түүний нөхөр Г.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, "Монголын электрон спортын холбоо"-ны УЗ-ийн дарга Г.Эрдэнэчулуун нар магадгүй үгсэн тохиролцож, "Монголын электрон спортын холбоо"-г Үндэсний шигшээ багт оруулсан байж болзошгүй байгаа юм. Тиймээс уг асуудлыг хууль хяналтын байгууллагаас шалгаж, эцэслэх учиртай буй за.