"Иргэдийн баталгаатай эдлэх эрх"-ийг ноцтой зөрчдөг Х.Нямбаатарыг огцруулах асуудлыг Ерөнхий сайд Г.Занданшатар хөндөж болно

"Иргэдийн баталгаатай эдлэх эрх"-ийг ноцтой зөрчдөг Х.Нямбаатарыг огцруулах асуудлыг Ерөнхий сайд Г.Занданшатар хөндөж болно

Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрхийг Үндсэн хуулин тодорхой заасан байдаг. Тодруулбал, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд, "Монгол Улсын иргэнбайгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй, улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих  эрхтэй гэж заасан байдаг.

-ИРГЭД ТАТВАРАА ӨНДӨР ТӨЛСӨН Ч МАШИН УНАХ ЭРХЭЭ ХЯЗГААРЛУУЛСААР БАЙНА-

Гэтэл Хотын дарга Х.Нямбаатар иргэний баталгаатай эдлэх дээрх эрхүүдийг удаа дараа ноцтой зөрчиж ирсэн. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, гуравхан өдөрт 3400 хүний саналыг цуглуулж, түүндээ үндэслэн 1.7 сая иргэний хөдлөх хөрөнгө буюу автомашинаа унах эрхийг хязгаарлаж, өвлийн дүн хүйтэнд алхуулах сонголтыг тулгасан. Ингэхдээ албан ёсоор захирамж ч гаргалгүй аман байдлаар Тээврийн цадаагийн албанд чиглэл өгч замын хөдөлгөөнд энэ сарын 31-нийг хүртэл тэгш, сондгой дугаараар зорчуулах гэж оролдсон нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулснаар цуцлагдсан.

Өнгөрсөн өвөл ч тэрбээр эл шийдвэрийг гаргаж -30 хэмд иргэдийг алхуулж, автобус унаагүй зутрааж, Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь ноцтой зөрчсөн.

Харин энэ жил иргэд илүү хэрсүүжсэн гэдгээ харуулж түүнээс эрхээ нэхсэнээр энэ арга хэмжээ хэрэгжиж чадалгүй зогслоо. Ерөөс Х.Нямбаатар нь нийслэлийн иргэдээс асуухгүйгээр, эрх мэдлээ ашиглаж эрхэнд нь халдах шийдвэрүүдийг өнгөрсөн хугацаанд гаргаж ирсэн гэж хэлж болно.

Тухайлбал,  "Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" гэсэн иргэдийн орлогыг боомилж, хэтэвчийг нь нимгэлж, дансыг нь хоослох хууль санаачлан 2023 оны арванхоёрдугаар сарын 7-нд батлуулсан. Энэ хуулиар хоёр төрлийн татвар, гурван төрлийн торгууль нэмэгдүүлсэн нь хүний эрх чөлөөнд ноцтой халдсан шийдвэр болсон юм. Мөн хотын татварыг 2 хувь болгон нэмж, ААН-үүдийн татварын дарамтыг нэмэгдүүлж, бизнесийн үйлчилгээг хаан боогдуулах, иргэдэд хүрэх үйлчилгээний өртгийг нэмэгдүүлж, айл өрхүүдэд санхүүгийн дарамтыг нэмэгдүүлсэн. Мөн 2025 онд Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 2-3 дахин, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг одоо мөрдөж буй тарифаас 5 дахин нэмэгдүүлэн тогтоосон. Иргэд татвараа өндөр төлсөн ч эрхээ хязгаарлуулсаар байгаа. 

-Х.НЯМБААТАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙДААС ШААРДАЯ-

Тиймээс түүнд хариуцлага тооцож, огцруулах хангалттай үндэслэл бүрдсэн гэж үзэх иргэд олон байх болсон. Тэгвэл Хотын даргыг ямар тохиолдолд ямар хуулиар огцруулж болох вэ. Тухайлбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлд Засаг даргад дараах үндэслэлээр хариуцлага тооцно гэж заасан байдаг байна.

65.1. Засаг даргад дараах үндэслэлээр хариуцлага тооцно:

  • 65.1.1Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн;
  • 65.1.2. Нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн;
  • 65.1.3. Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн.
  • 65.2Энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэл бий болсон гэж Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь үзэж гарын үсэг зурсан бол Хурал 15 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж, Засаг даргыг огцруулах, эсхүл түүнд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдад нийт төлөөлөгчдийн олонхын саналаар тавьж шийдвэрлүүлнэ.
  • 65.3Ерөнхий сайд, дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргад энэ хуулийн 65.1-д заасныг үндэслэн тухайн шатны Хурлын санал, эсхүл өөрийн санаачилгаар дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:

65.3.1. Сануулах;

  • 65.3.2. Үндсэн цалинг 20 хүртэлх хувиар гурван сар хүртэлх хугацаагаар хасах.
  • 65.4Энэхүү хуулийн 65.3-т заасны дагуу ногдуулсан хариуцлагыг шат дараалан хэрэглэнэ гэж тус, тус заасан байдаг.

Үүнээс үзвэл Х.Нямбаатарыг нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэж огцруулж болохоор байна. Энэ тохиолдолд НИТХ-ын төлөөлөгч эсвэл намын бүлгээс Хотын даргыг огцруулах саналыг гаргаж түүнийг нь нийт төлөөлөгчдийн гуравны нэг дэмжиж гарын үсэг зурвал НИТХ-ын хурлаар хэлэлцэх нь.

Ингээд НИТХ-ын нийт гишүүдийн олонхийн саналаар Хотын даргыг огцруулахыг дэмжвэл шийдвэрийг Ерөнхий сайдад хүргүүлэх бөгөөд Ерөнхий сайд хүлээж авбал албан ёсоор огцорсонд тооцно.

Хэрвээ Ерөнхий сайд ИТХ-ын шийдвэрийг хүлээж авахгүй бол албажихгүй. Мөн Ерөнхий сайд эрх мэдлийнхээ хүрээнд Хотын даргыг огцруулах асуудлыг хөндөж болох нь. Угтаа бол НИТХ нь нийслэлийн Засаг даргын ажилд хяналт тавьж, хариуцлага тооцох ёстой байгууллага. Гэтэл өнөөдрийн байдлаар энэ  хяналт, тэнцэл алдагдаж Хотын дарга нь НИТХ-ын даргадаа "томорч", төлөөлөгчдийг загнадаг болсон. Тиймээс Хотын дарга Х.Нямбаатарт хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаардах нь илүү бодитой байж магадгүй юм.