Хотын дарга Х.Нямбаатарын "балаг"-ийг Тээврийн цагдаагийн албаны дарга нар үүрсээр байх уу

Хотын дарга Х.Нямбаатарын "балаг"-ийг Тээврийн цагдаагийн албаны дарга нар үүрсээр байх уу

Сүүлийн үед нийслэлийн удирдлагууд шийдвэр гаргахдаа албажуулж бус, аман байдлаар ажлыг явуулах болсон гэх шүүмжлэлд өртөх болсон.

Хамгийн сүүлд гэхэд өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 14-ний орой Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийж, тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах шийдвэр гарсныг хэрэгжүүлэхээр болсон талаар мэдээлсэн. Харин энэ нь иргэдийн бухимдал, эсэргүүцэлтэй тулж, эцэст нь Хууль зүйн сайд Б.Энхбаяр "Дугаарын хязгаарлалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч Тээврийн цагдаад албажиж ирээгүй бөгөөд хотын захиргаанаас амаар өгсөн чиглэлийн дагуу Тээврийн цагдаагийн алба мэдээлэл хийсэн байна. Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргад мэдэгдээгүй байсан. Хариуцлага яригдана. Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байх талаар Цагдаагийн ерөнхий газарт үүрэг өгөв” хэмээн цахим сүлжээгээрээ дамжуулан мэдээлснээр дээрх шийдвэрийг цуцалсан байдаг. Харин өдгөө хариуцлагын асуудал яригдаж эхлээд байна. 

Тэгвэл дээрхтэй ижил, Хотын дарга Х.Нямбаатарын хүний эрхийн мэдрэмжгүй, "туршилт"-ын шийдвэр өмнө нь ч мөн гарч, иргэдийг бухимдуулсан ч Тээврийн цагдаагийн албаны даргад хариуцлага тооцоод өнгөрч байв. Тодруулбал, түгжрэлийг бууруулах зорилгоор замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулж, Төв шуудангийн уулзвараас 120 мянгат хүртэлх замын урсгалыг өглөө, оройд 3:1 харьцаагаар зорчуулсан нь иргэдийн бухимдлыг төрүүлж, эцэст нь шийдвэрийг гаргасан Хотын удирдлагууд бус Тээврийн цагдаагийн албаны дарга Б.Оюутболдод хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан юм. 

Тэгвэл өдгөө иргэдийн эрхийг зөрчсөн шийдвэр гаргагчид бус шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй цагдаагийн алба хаагчдад хариуцлага хүлээлгээд асуудлыг намжаах уу гэх хардлага олон нийтийн дунд үүсээд байна.