Нийслэлийн Байгаль орчны газар болон Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа хамтарсан, ажил хэрэгч уулзалт зохион байгуулжээ.
Уулзалтаар Улаанбаатар хотыг тойрсон ногоон бүс, түүний доторх амьтан, ургамал, экосистемийн хамгаалалтай холбоотой тулгамдсан асуудлуудыг эрэмбэлэн хэлэлцэж, ойрын, дунд болон урт хугацаанд хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах талаар санал нэгдлээ. Хамтран хэрэгжүүлэх гол ажлуудад:
- Зэрлэг амьтанд ээлтэй хашааны стандарт мөрдүүлэх;
- Иргэд, аялагчдад зориулсан явган аяллын замыг нэмэгдүүлэх, тохижилт, хяналтыг сайжруулах;
- Богдхан уулыг бусад ногоон бүстэй холбох эко зурвас гарцыг бий болгох;
- Тусгай хамгаалалттай газар нутгийн ус ашиглалт, чанар, эрүүл ахуйн хяналтыг сайжруулах;
- Зэрлэгшсэн нохойн үргээлгийн ажлыг эрчимжүүлэх;
- Зэрлэг амьтдад зориулсан био техникийн арга хэмжээг тогтвортой санхүүжилтийн үүсвэртэй болгох;
Ойрын хугацаанд хамтарсан төлөвлөгөөг баталж, хашааны стандарт мөрдүүлэх, усны чанарын хяналт, зэрлэг амьтанд зориулсан гарц байгуулах, био техникийн арга хэмжээ авах зэрэг ажлыг эхлүүлэхээр боллоо.
Дунд хугацаанд холбогдох яам, нийслэлийн удирдлагуудад мэдээлэл хүргэж, Улаанбаатар хотыг тойрсон ногоон бүсийн асуудлаар мэргэжлийн судлаачдыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулахаар хэлэлцэв.
Урт хугацаанд Туулын хурдны зам, Хүннү, Майдар, Айросити, Шинэ зуунмод хотуудын төлөвлөлтийг Богдхан уулын ДЦГ-ын менежментийн төлөвлөгөөтэй уялдуулах, экологийн гарц, коридорын асуудлыг шийдвэрлэхээр зорьж байна. Эдгээр ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор ирэх 2026 онд хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллахаар тохиролцлоо.