УИХ-ын гишүүн С.Ганбаатар "яллах дүгнэлт"-тэй танилцахгүй байгаа учир түүнийг прокурорын мэдэгдэх хуудсаар албадан ирүүлэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Энэ талаар Нийслэлийн прокурорын газраас, "УИХ-ын гишүүн С.Ганбаатарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, өөрийн хамаарал бүхий хүмүүст давуу байдал бий болгосон, Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт заасан хахууль авах, Эрүүгийн хуулийн 22.10 дахь хэсэгт заасан үндэслэлгүй хөрөнгөжих, Эрүүгийн хуулийн 18.6 дахь хэсэгт заасан мөнгө угаах гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн" гэж мэдэгдсэн.
Тэгвэл Ergelt.mn сайт "Өвөр монголын зам гүүр групп” ХХК нь С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагтай “Ворлд плас файв” ХХК-ийг хамтран эзэмшдэг Э.Энхмөрөнгийн гэрийн хаяг дээр бүртгэлтэй байдаг" гэсэн ноцтой мэдээллийг нийтэлжээ.
Тус мэдээлэлд, "Өвөр монголын зам гүүр групп” ХХК нь Монголд орж ирэхдээ Meng Hedalai гэх Хятад иргэний нэр дээр “Улаанбаатар, Хан-Уул, 11-р хорроо, Тэнгэр рашаан гудамж, Роял каунти хотхон, 306-р байр, 202 тоот” хаяг дээр бүртгэгдсэн. Энэ хаяг дээр нь “Континентал ойл” ХХК, “Континентал конкрет” ХХК-иуд давхар бүртгэлтэй байдаг. Энэ хоёр компанийн эзэн нь Энхжаргалын Энхмөрөн гэж хүн бий.
Энхжаргалын Энхмөрөн нь 2018 оны зургадугаар сард аав Жумдааны Энхжаргал, Доржпүрэвийн Баярмаа, Балжиннямын Тунгалаг нартай “Ворлд плас файв” ХХК-ийг хамтран байгуулж, 2018-2025 онд Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан залуу.
“Ворлд плас файв” ХХК-ийг хамтран эзэмшигч Балжиннямын Тунгалаг нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр. Жумдааны Энхжаргал нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг МАХН-д байхад гол хамтрагч нь байсан хуурай ах нь. Ж.Энхжаргал өөрийн хүү Э.Энхмөрөнгийн хамтаар С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагтай “Ворлд плас файв” ХХК-ийг байгуулсан. Харин С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагтай “Ворлд плас файв” ХХК-ийг хамтран эзэмшдэг Д.Баярмаа нь Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай дотно, Дорноговь дахь бүх тендерүүдийг авдаг.
Энэ бүхнээс харахад, УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Ворлд плас файв” ХХК-ийнхаа хамтрагчид болох Ж.Энхжаргал, Э.Энхмөрөн болон Б.Баярмаатай хуйвалдан, Хятадын “Өвөр монголын зам гүүр групп” ХХК-ийг Монголд оруулж ирэх, тус компанид Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханаар 233 тэрбум төгрөгийн хоёр тендер “өгүүлэх” ажиллагаанд оролцсон байж болзошгүй байна. Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.