Нэг их наяд байсан Улаанбаатарын төсөв Х.Нямбаатарыг Хотын даргаар ажиллах үед 10 дахин нэмэгдэж, 11 их наяд болтлоо өсжээ

Нэг их наяд байсан Улаанбаатарын төсөв Х.Нямбаатарыг Хотын даргаар ажиллах үед 10 дахин нэмэгдэж, 11 их наяд болтлоо өсжээ

Нийслэлийн төсөв жилээс жилд гэрлийн хурдаар өсөн нэмэгдэж байгааг иргэд харсаар, шүүмжилсээр байна. Тэр тусмаа ирэх жил нийслэлийн төсөв 11 их наядад хүрч, улсын төсвийн гуравны нэгтэй тэнцэж байгаа нь энэ оны төсвөөс бараг хоёр дахин нэмэгдсэн байгаа юм. Тэгвэл нийслэлийн төсөв аль хотын даргын үед хэрхэн нэмэгдсэнийг харьцуулан харцгаая.

-НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ Х.НЯМБААТАРЫН ҮЕД 3.7-ООС 11 ИХ НАЯД БОЛТЛОО НЭМЭГДЖЭЭ-

2016-2018 онд Сундуйн Батболд Хотын даргаар ажиллаж байх үед Хотын төсөв тогтмол 1.1 их наяд төгрөг байв.  Харин 2019 оноос 2020 оны хооронд Хотын даргаар ажиллаж байсан Сайнбуянгийн Амарсайханы үед хотын төсөв 1.4-1.2 их наядын хооронд хэлбэлзэж байсан бол 2020 оноос 2023 оны хооронд ажиллаж байсан Д.Сумъяабазарын үед хотын төсөв 1.1 их наядаас 2.8 их наядын хооронд байжээ.

Гэтэл Х.Нямбаатарыг Хотын дарга болсноос хойш нийслэлийн төсөв 2024 онд 3.7 их наяд, 2025 онд 6.4 их наяд, 2026 онд 11 их наяд төгрөг болж нэмэгдлээ.

Өөрөөр хэлбэл ирэх жилийн нийслэлийн төсөв улсын төсвийн гуравны нэгтэй тэнцэж байна.  Түүнийг хотын дарга болсноос хойш нийслэлийн төсөв жил бүр хоёр дахин нэмэгдэж явсаар гуравхан жилийн өмнө 1.7 их наяд байсан төсөв 11 их наяд болтлоо нэмэгдэж, нийслэл гэгч тусдаа улс мэт төсөвтэй боллоо. Гэвч утаа буусангүй. Өвөл агаар шүүгчтэй маск хэрэглэхийг зөвлөж, БНХАУ-аас хагас коксжуулсан нүүрс авахаас өөр шийдэлгүй сууж байна. Түгжрэл ч буусангүй. Нөгөө л улсын дугаарын хязгаарлалтаас өөр шийдэлгүй байгаа.

-ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР НИЙСЛЭЛИЙН НААДАМ, FOOD ФЕСТИВАЛЬ ЗЭРЭГ ОЛОН АРГА ХЭМЖЭЭГ НИЙСЛЭЛИЙН ТӨСВӨӨР ЗОХИОН БАЙГУУЛСАН-

Түүнчлэн нийслэлийн хувьд 24 мега төсөл хэрэгжүүлнэ гэж зорилго тавьсан. Одоогийн байдлаар метро, дүүжин тээвэр, туулын хурдны зам, Сэлбэ дэд төв зэрэг хэд хэдэн төсөл дөнгөж хэрэгжиж эхэлж байгаа. Иймд цаашид нийслэлийн төсөв бүр л нэмэгдэх зураг харагдаж байна. Мөн өнгөрсөн зун Даншиг наадмыг Хүрээ цам даншиг наадамтай хамтатган тэмдэглэсэн. Ингэхдээ нийслэлийн наадамд улсын баяр наадмаас их төсөв төсөвлөсөн нь тухайн үед олны анхаарлыг татаж байлаа. Энэ талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Нийслэлийн орлогын тодорхой хувийг аялал жуулчлалаас олдог. Ийм учраас нийслэлийн иргэдийн баярт ач холбогдол өгч байгаа. “Хүрээ цам-Даншиг наадам” хотын эдийн засгийг тэтгэнэ гэх тооцоолол хийсэн. Энэ жилийн “Хүрээ цам-Даншиг наадам”-д улсын баяр наадмаас илүү төсөв төсөвлөнө” гэж мэдэгдэж байв. 

Түүнчлэн "UB food festival" зэрэг арга хэмжээнд хөрөнгө мөнгө зарсан нь хэрэгтэй гэхээс хэрэггүй, мөнгө зарлагадсан ажил болсныг иргэд шүүмжилсэн. Ийнхүү Х.Нямбаатарыг Хотын даргаар ажиллаж буй энэ үед нийслэлийн төсөв гэрлийн хурдаар өсөж, ирэх жил 11 их наяд болж нэмэгдэж байгаа нь өмнө нь аль ч хотын даргын үед харагдаагүй дүр зураг юм. 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө