ШҮҮХ: Ипотекийн зээл авсан даатгуулагч нас барсан тохиолдолд даатгалын компани зээлийн төлбөрийг төлнө

ШҮҮХ: Ипотекийн зээл авсан даатгуулагч нас барсан тохиолдолд даатгалын компани зээлийн төлбөрийг төлнө

Э.О, Д.Э нар нь “Х” банктай 2022 онд ипотекийн зээлийн гэрээ байгуулж Баянзүрх дүүрэгт байршилтай орон сууцыг худалдан авч, “Х” банкаар зуучлуулан “М” ХХК-тай мөн оны 12 сард “Ипотекийн зээлдэгчийн амь даатгалын” гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан, гэрээнд зааснаар даатгалын зүйл нь даатгуулагчийн амь нас бөгөөд зээлдэгчийн амь насны нөхөн төлбөрийг 100 хувь буюу зээлийн үлдэгдэл болох 40,6 сая төгрөг төлөхөөр тусгажээ.

2023 оны нэгдүгээр сард даатгуулагч Э.О нь осгож нас барсан. “М” ХХК-с даатгалын нөхөн төлбөрт 23,4 саяыг төлсөн. Д.Э нь даатгалын төлбөрийг 100% буюу 40,6 сая төгрөгөөр тооцон төлөх ёстой гэж марган тус асуудлаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад даатгуулагчийн хохирлыг бүрэн барагдуулах ёстой гэж шийдвэрлэсэн. Гэтэл “М” ХХК нь уг шийдвэрийг биелүүлээгүй, үлдэгдэл 17,1 сая төгрөгийг төлөөгүй бөгөөд Д.Э нь даатгалын нөхөн олговрыг шаардах эрхтэй этгээд биш, цаашлаад бид хууль, журмын дагуу хувь тооцон олговрыг олгосон гэж маргалджээ.

Даатгалын гэрээний хувьд даатгуулагч нарын амь нас эрсэдсэн үед тооцох зээлийн төлөгдвөл зохих үнийн дүн, олгогдвол зохих даатгалын нөхөн төлбөрийн хувь хэмжээг гэрээний талууд харилцан тохиролцох бөгөөд нэгэнт тохиролцсон бол уг тохиролцоо нь гэрээний талуудын харилцан хүлээх үүрэг болно. Иймд нэхэмжлэгч Д.Э нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч, улмаар даатгалын гэрээний үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд Э.О-ын гэнэтийн ослоор нас барсантай холбоотой зээлийн гэрээний эргэн төлөлтөд үүссэн эрсдэлийг төлүүлэхээр шаардах эрхтэй гэх дүгнэлтийг хийж шийдвэр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.