Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар "Монгол, Хятадын Засгийн газар хооронд Гашуун-сухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээр"-ийг байгуулж, УИХ түүнийг нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцэн соёрхон баталж, 58 дугаар тогтоолыг батлан нууцад авсан байдаг.
-УГ ГЭРЭЭГЭЭР МОНГОЛ УЛСЫН 10 ТЭРБУМ ДОЛЛАРЫН АЛДАГДАЛ ХҮЛЭЭНЭ ГЭВ-
Тэгвэл энэ тогтоолыг баталсан нь Монгол Улсын эрх ашгийг хохироож маш 10 тэрбум долларын алдагдалд хүргэж буйг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр удаа дараа ярьж байгаа.
Учир нь УИХ-ын 2024 оны 58 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт "Гашуунсухайт-Ганцмод" чиглэлийн төмөр замын тээврийн багтаамж, эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээний үнийг тогтоохдоо "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн урт хугацаатай байгуулсан гэрээний нөхцөл, үнийн аргачлалыг жишиг болгож, гэрээний хугацааг хэлэлцээ хийж эхэлсэн хугацаатай уялдуулан 16 хүртэл жилээр тогтоох" гэж заасан байна.
Мөн 58 дугаар тогтоолын 5 дах заалтаар "Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын тээврийн хүчин чадал, эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлэх нүүрсний хэмжээг 2025-2029 онд нийт 27 сая тонн, 2030 оноос эхлэн жилд 20 сая тонноос бууруулахгүй, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхайн олборлолтын төлөвлөгөөтэй нийцүүлэн коксжих, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг зохимжит хувь хувьцаагаар нийлүүлэх буюу зөвхөн нэг төрлийн нүүрсийг сорчлохгүй байх" гэж заажээ. Энэ заалтаар Засгийн газарт 16 жилийн хугацаанд 250 орчим сая тонн коксжих нүүрсийг худалдах тухай гэрээ байгуулах хэлэлцээ хийхдээ нүүрсийг сорчлохгүй байх чиглэлийг өгсөн боловч өндөр албан тушаалтнууд гэрээ хийхдээ нүүрсийг сорчилж болно гэх агуулгатай заалтыг оруулжээ.
-КОКСЖИХ НҮҮРСИЙГ 40 ГАРУЙ АМ ДОЛЛАРААР ИЛҮҮ ХЯМД ҮНЭЭР ХУДАЛДАХААР ГЭРЭЭНД ЗААЖЭЭ-
Үнийн хувьд нэг тонн коксжих нүүрсийг биржийн үнээс 40 гаруй ам доллараар илүү хямдхан үнээр худалдахаар гэрээнд заажээ.
Ингэснээр уг гэрээ хэрэгжих хугацаанд Монголын тал 10 тэрбум доллар буюу 35 их наяд төгрөгийн алдагдалтай байж болзошгүй байна. Тиймээс Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон УИХ-ын гишүүдээс "Та хоёр Монгол Улсын нийт иргэн, улсын ашиг сонирхолд ойролцоогоор нийт 10 тэрбум доллар, төгрөгт шилжүүлвэл 35 их наяд төгрөг буюу улсын нэг жилийн төсвөөс илүү их хэмжээний хөрөнгө мөнгөний алдагдал учруулж болохуйц "нүүрс худалдах гэрээ"-г байгуулах тухай асуудлыг Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, гаргасан шийдвэрүүд дээр өөрсдөө гарын үсгээ зуран батлуулж байхдаа хор хөнөөлийг нь яагаад олж хараагүй вэ. Энэ гэрээг яагаад нууцалсан бэ, Засгийн газар, УИХ-ын гишүүд энэхүү гэрээг байгуулахтай холбоотой асуудалыг хэлэлцэхэд уг гэрээний тухай мэдээллийг бүрэн авсан байсан уу, Шийдвэрээ гаргахдаа юуг үндэслэсэн бэ" зэргээр асуужээ.