Д.Амарбаясгалан ялагдвал УИХ-ын даргын ажлаа АН-д алдаж, ялбал АН-тай хамтарч Засгийн газар байгуулна

Д.Амарбаясгалан ялагдвал УИХ-ын даргын ажлаа АН-д алдаж, ялбал АН-тай хамтарч Засгийн газар байгуулна

Ирэх долоо хоногт болох МАН-ын Удирдах зөвлөл, цаашлаад Бага хурлыг угтсан улс төрийн үйл явдлууд өрнөж байна. Учир нь МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Бага хурлын тов, хэлэлцэх асуудлаа тохирно. Ингээд МАН-ын Бага хурал дээр, “Л.Оюун-Эрдэнийн намын даргын ажлаа өгөх өргөдлийг нь хүлээж аваад, Бага хурлын гишүүдийнхээ гуравны хоёрын саналыг авсан нэр дэвшигчээ МАН-ын даргаар сонгогдсон тооцож, 45 хоногийн дараа болох намын Их хурлаараа батламжилна. 

-Д.АМАРБАЯСГАЛАН, Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХОЁРТ ДАРАГДСАН ОЛОН ЗАЛУУС МАН-Д БИЙ-

МАН-ын даргад Ерөнхий сайд Г.Занданшатар өрсөлдөх бол УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өрсөлдөнө гэдгээ өчигдөр /2025.09.12/ мэдэгдлээ. Г.Занданшатарын хувьд Ерөнхий сайд хүн намаа удирдах ёстой, нөгөөтэй 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших хэтийн зорилготой яваа. Г.Зандшатарыг 2027 онд Ерөнхийлөгчид нэр дэвшсэн тохиолдол Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал 2027 онд МАН-ын даргаар залгамжлагдана.

Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хоёр талын шахалтаар МАН-ын даргад өрсөлдөх болоод байна. Тодруулбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хамтарсан Засгийн газраас АН-ыг хасах шийдвэрийг дэмжиж, МАН-ын Бага хурал дээрээ Л.Оюун-Эрдэнийн эсрэг ажилласан бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх УИХ-ын гишүүдийн санал хураалтад “итгэл үзүүлнэ” хэмээн Л.Оюун-Эрдэнийн талд ажилласан байдаг.

Иймд “намаа ав” гэсэн Л.Оюун-Эрдэнийн шахалт, нөгөө нь Г.Занданшатарыг МАН-ын дарга болгох бодлогыг “сөрье” гэсэн шахалтаар Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхөөр болж байна.

Сүүлийн 10 жил МАН төр барихад эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын дарга, УИХ-ын дарга гээд “хамаг том дарга”-ыг хийж, бодлогыг нь барьж ирсэн хэр нь “гэнэт сэрсэн” мэт зүйл ярих Д.Амарбаясгалангийн өчигдрийн мэдэгдлээс энэ бүхэн харагдана.

ВИДЕО: 

Тухайлбал,  Д.Амарбаясгалан өчигдөр хийсэн мэдэгдэлдээ, “Засгийн газраас өргөн барихаар бэлтгэсэн төслүүдийг харлаа. Үнэндээ иргэдийн хүсэж байгаа шиг томоохон өөрчлөлтийг хийж чадахааргүй байна. Монголд татварын реформ хийх хэрэгтэй” хэмээн Г.Занданшатарын Засгийн газрыг төсвөөр нь үгүйсгэж, татварын асуудлыг ярьж нийгмийн дэмжлэгийг өөртөө авахыг оролдсон. Мөн тэрбээр, “100 жилийн түүхтэй МАН-ыг хувь хүн бус хамтын байгууллага хэвээр хадгалахын төлөө МАН-ын даргын сонгуульд нэр дэвшиж оролцоно” хэмээж Г.Занданшатарыг МАН-ын дарга болгох бодлогыг “сөрнө” гэдгээ мэдэгдсэн. 

Түүний мэдэгдлийг МАН доторх үе хоорондын тэмцэл гэж харж болох ч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэг, татаасаар Л.Оюун-Эрдэнэ, Л.Амарбаясгалан хоёр УИХ-ын дарга, Ерөнхий сайд, МАН-ын дарга, ЕНБДарга болчхоод, одоо албан тушаалаасаа буухгүй хэмээн эргээд ноцож байна ч гэж харагдаж болно. Учир нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээр татуулж нам, төрийн өндөр албан тушаалыг сүүлийн 8-10 жил хашсан Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан болон Х.Нямбаатар нарт дарагдаж яваа залуусын бүтэн үе МАН дотор байгаа.

-Д.АМАРБАЯСГАЛАН МАН-ЫН ДАРГААР СОНГОГДОЖ ЧАДАХГҮЙ БОЛ АН-Д СУУДЛАА АЛДАНА-

МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн ширүүсэж ирэх даваа гараг /2025.09.15/-т болох УИХ-ын намрын чуулганы нээлт дээр "Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах асуудал ч хөндөгдөж магадгүй" талаар зарим хэвлэлүүд мэдээлж байгаа. Гэхдээ энэ саналыг өмнө нь АН-ын бүлэгт тавьсан ч татгалзсан аж. Учир нь УИХ-д 68 суудалтай ч хоёр тал болж хуваагдсан МАН-ын бодлогод АН-ын бүлгийн 42 гишүүн жин дарах болсон байна. 

Мөн Д.Амарбаясгалан Монгол Ардын намын даргад өрсөлдөөд ялагдсан тохиолдолд дараа нь түүнийг УИХ-ын даргын албан тушаалаас нь огцруулах асуудал ч хөндөгдөнө. Харин энэ нь МАН-ын бүлгийн 45 гишүүн дээр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс дор хаяж 20 гишүүний дэмжлэгийг авч байж л биеллээ олно.

Улс төрийн хүрээнд УИХ-ын даргын суудлыг АН-д амласан гэх яриа гараад удаж байгаа. Энэ ч оргүй зүйл биш бололтой. Учир нь Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөөд ялагдвал АН-д УИХ-ын даргын албан тушаалыг өгч байж л Д.Амарбаясгаланг огцруулна

Тэгвэл Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын хэн нь ч МАН-ын дарга болсон тохиолдол АН-тай хамтарсан Засгийн газар байгуулж байж цааш явна. Учир нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын 30 орчим гишүүн, Г.Занданшатарын 40 орчим гишүүн болж МАН-ын бүлэг хоёр хуваагдсан энэ үед Засгийн газрын бодлогод АН-ын 42 гишүүн л жин дарна.

Тухайлбал,  Г.Занданшатар МАН-ын даргаар сонгогдвол УИХ-ын даргын албан тушаалыг АН-ын дарга О.Цогтгэрэлд өгч, ХҮН намын хоёр, ИЗНН-ын нэг сайд, мөн олон нийтийн дэмжлэг муу байгаа Б.Чойжилсүрэн, Б.Дэлгэрсайхан, Б.Жавхлан нарын таван сайдыг огцруулж, нийт найман яамыг АН-д өгч магадгүй байна. Д.Амарбаясгалан МАН-ын даргаар сонгогдож чадвал Ерөнхий сайд болно. Харин Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргын албан тушаалд очно гэх яриа гарч байна. Мөн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын унагалцсан сайд нарыг огцруулаад АН-д 10 орчим яамыг хариуцуулж, хамтарсан Засгийн газрыг дахин байгуулах аж. 




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө