“Ухаа худаг”-ийн асуудал яригдаж эхлээд шийдэгдэлгүй, ард түмнийг "талцуулсаар" олон сар өнгөрлөө. Мөн саяханМ-Си-Эс Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргалын ярилцлагадаа "Тавантолгойн 96 хувийг төрдөө өгсөн. Үлдсэн 4 хувь буюу Ухаахудагийн өгөөжийг улс, түмэндээ өгсөөр байна" хэмээн ярьсан нь олон хүний анхаарлыг татав. Тэгвэл ер нь Ухаа худаг анх хэрхэн "Энержи ресурс"-т очив гэдгийг нээлттэй баримт мэдээллээс шүүж үзье.
-ТАВАН ТОЛГОЙН БҮЛЭГ ОРД БҮХЭЛДЭЭ ХЭРХЭН “ЭНЕРЖИ РЕСУРС”-Д ОЧИВ-
2008 оноос өмнө Тавантолгойн бүлэг орд бүхэлдээ "Энержи ресурс"-ийн өмчид байсан бөгөөд 2008 онд "Энержи ресурс" Тавантолгойн бүлэг ордоос "Ухаа худаг"-ийг авч үлдээд бусдыг нь төрийн эзэмшилд шилжүүлэх хэлцэл хийсэн байдаг Үүнийг ард дэлгэрэнгүй өгүүлье. Монголын хамгийн том нүүрсний орд болох Таван толгойн ордын лицензийн анхны эзэмшигч нь Д.Батсайхан байв. Тэрбээр 1999 онд өөрийн эзэмшиж байсан “Майн инфо” ХХК-аараа Таван толгойн бүлэг ордыг эзэмшиж байсан юм. Уг лицензийг Дугарын Жаргалсайхан гэгч Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа түүнд гурван жилийн хугацаатай олгож байж. Сүүлд буюу 2007 онд Д.Батсайхан нь “Майн Инфо” ХХК-ийн бүх хувьцаагаа “Эм Ай Эйч” ХХК руу шилжүүлсэн байдаг бөгөөд хамгийн сонирхолтой нь үүний 62.5 хувийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан эзэмшдэг аж.
Улмаар 2000 оны есдүгээр сард “Майн Инфо” ХХК-аас “Тавантолгой 1” нэршилтэй 1900Х, 1901Х дугаартай хайгуулын талбайг “Энергоресурс” ХХК-д шилжүүлсэн байна. Тус аж ахуйн нэгжийг “Майн инфо” ХХК-г үүсгэн байгуулсан Д.Батсайхан нь мөн үүсгэн байгуулж байжээ. Ингээд 2002 онд “Энергоресурс” ХХК-ийн эзэмшиж байсан “Тавантолгой 1” нэршилтэй хайгуулын 1901Х дугаартай талбайгаас 24036 гектар талбайг төрд шилжүүлж, 5603 гектар талбайг хэвээр үлдээн эзэмшсэн. Харин “Таван толгой 2” нэртэй хайгулын 1901Х дугаартай талбайгаас 39 мянга орчим гектар талбайг төрд шилжүүлж, 2135, 1001 гектар талбайг “Ухаа худаг" нэршилтэйгээр хайгуулын 1901Х, 1901Х-1 дугаартайгаар тус бүр хуваан “Энергоресурс” ХХК эзэмшсэн байгаа юм.
Түүнчлэн 2002 онд Тавантолгойн бүлэг орд газрын “Бор толгой”, “Бор тээг 1”, “Шар тээг” нэршилтэй талбайг “Дарханхаан-Уул” ХХК-д олгосон. Эл компанийг Д.Батхуяг гэгч нь үүсгэн байгуулсан бөгөөд түүний ахыг Д.Сүхбаатар гэх ба түүний хүүхэд Сү.Батболд нь УИХ-ын гишүүн болон Ерөнхий сайдаар ажиллаж байсан билээ.
Улмаар 2005 оны тавдугаар сард “Дарханхаан-Уул”-ын эзэмшиж байсан бүх лиценз, “Энергоресурс” ХХК-ийн эзэмшиж байсан бүх хайгуулын лицензүүдийг “Энержи ресурс” ХХК-д шилжүүлсэн байна. Үүнийг дараах баримт мэдээллүүдээс харж болно. Таван толгойн бүлэг орд “Энержи ресурс”-д очсон түүх товчхондоо ийм.
-“ЭНЕРЖИ РЕСУРС” ТАВАН ТОЛГОЙН БҮЛЭГ ОРДООС ЗӨВХӨН УХАА ХУДАГИЙГ АВЧ ҮЛДЭЭД БУСДЫГ НЬ ТӨРИЙН ЭЗЭМШИЛД ШИЛЖҮҮЛЭХ ХЭЛЦЭЛ ХИЙСЭН НЬ-
2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх эсхүл улсын болон бүс нутгийн эдийн засгийн, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ордыг стратегийн ач холбогдол бүхий орд гэж ойлгохоор заасан. Улмаар эл хуулийн зохицуулалтыг биелүүлэх үүднээс 2007 онд УИХ-аас “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 27 дугаар тогтоолыг баталсан. Тус тогтоолын нэгдүгээр хавсралтад стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг нэрлэсэн бөгөөд Таван толгой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан байна. Иймд Таван толгойн бүлэг ордын хайгуулын лицензийг төрд буцаан авах талаар “Энержи Ресурс” ХХК-тай байгуулах гэрээнд гарын үсэг зурахыг Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүүд даалгасан байгаа юм. Ийнхүү 2008 оны гуравдугаар сард Засгийн газар болон “Энержи Ресурс” “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” гэрээг байгуулсан.
Харин энэ үед Х.Наранхүү нь Тавантолгойн орд газрын хайгуулын тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн зарим хэсгийг нь “Энержи Ресурс” ХХК-д үлдээх нөхцөлөөр буюу УИХ-ын хэмжээнд хамаарах асуудлаар гэрээ байгуулж, эл гэрээнийхээ талаар УИХ болон Засгийн газарт танилцуулаагүй аж.
Харин энэ талаар О.Алтангэрэл Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа, “Энержи ресурс компанитай гэрээ байгуулж ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, тухайн үед үйлчилж байсан болон одоогийн Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон байна. 2007 онд Улсын Их Хурал тогтоол гаргаж, Тавантолгойн орд газар тэр дундаа Энержи ресурс компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбайг стратегийн ач холбогдол бүхий орд газарт хамруулчхаад байхад энэ ордын талаар гэрээ хийгээд хэн нэгэн этгээдэд шууд эзэмшүүлэх эрх нь тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайдад байгаагүй байна.
Түүнчлэн тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд энэ асуудлыг судлан эргэж Засгийн газарт танилцуулахыг Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байсан Х.Наранхүүд мөн асуудлыг эргэж шийдвэрлүүлэхийг тухайн үеийн Засгийн газар, Ерөнхий сайдад Улсын Их Хурлаас даалгасан байхад энэ бүх үйл явцыг зөрчсөн шийдвэр гарсан гэж үзсэн. Анх энэ лицензийг албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж авсан, өөрийнхөө эрх хэмжээг хэтрүүлж Монгол Улсад онц хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй тодорхой этгээдүүдтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар цааш шийдвэрлүүлэх нь зүйтэй” хэмээж байв.
Ухаа худагийн орд "Энержи ресурс"-ын эзэмшилд очсон түүх товчхондоо ийм.