УИХ-ын чуулганы өчигдрийн /2025.05.16/ хуралдаанаар "Хот тосгоны эрхзүйн байдлын тухай" хуулийн төсөлд өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцсэн.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар: Тайлбар хийхгүй бол болохгүй нь ээ. Нийслэлийн төсөв 2023, 2024 онд төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардал 3.2 их наяд төгрөгөөрөө явж байгаа. Олон нийтэд 6 их наядын төсөвтэй болсон гэдэг тоо 20 минутын тоо буюу Сэлбэ дэд төвийг хэрэгжүүлэхтэй холбоотой гадаад бондыг босгосон тэр өртгийг төсөв дээр дурдаж явж байгаа. Энэ төсөл 2027 оны 10 дугаар сард дуусна. Энэ төслийн санхүүжилтын эргэн төлөлт 2027 оны аравдугаар сард дуусна. Хоёрт, Улаанбаатар хөгжих нь дэмий. Орон нутгийн хөгжил орхигдоно гэдэгтэй санал нэгдэхгүй байгаа. Энэ хуулийг боловсруулсан хүний нэг нь би. Өнөөдөр 21 аймаг сумын статустай, боомтууд багийн статустай байгаа. Бид хот суурин газар гэдгийн зааг ялгааг гаргаж, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг хот тосгонд шилжүүлэх замаар хот суурингийн хөгжлийг дэмжих бодлогыг гаргаж ирсэн. Энэ хууль хэрэгжих боломжгүй болсон шалтгаан бол УИХ дээр байгуулсан ажлын хэсэг энэ хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тогтоолыг төслийг боловсруулах ажлын хэсэг хуралдаж амжаагүй. Өөрөөр хэлбэл, шинээр байгуулсан хот тосгоны хилийн заагийг тогтоох УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж орж ирээгүй учраас энэ хууль хэрэгжих боломжгүй болсон. Бид нэг жилийн хугацаанд яаралтайгаар шинээр байгуулж байгаа бүх хот тосгоны хилийн заагийг тогтоосон УИХ-ын тогтоолын төслийг батлах шаардлагатай. Хот тосгоны хуулийг хэрэгжүүлэхдээ холбогдуулан авах зарим арга хэмжээний тогтоолыг давхар баталж өгнө. Эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх нь зөв байх.