ВИДЕО: Д.Трампын айлчлалын үеэр АНУ, Саудын Арабын хооронд 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулжээ

ВИДЕО: Д.Трампын айлчлалын үеэр АНУ, Саудын Арабын хооронд 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Саудын Араб улсад хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаа зарлажээ. Энэхүү гэрээ нь батлан хамгаалах, хиймэл оюун ухаан, эрчим хүч, дэд бүтэц зэрэг олон салбарыг хамарч байгаа бөгөөд хоёр орны стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргах зорилготой аж.

ВИДЕО: 

Тодруулбал, АНУ Саудын Арабт 142 тэрбум ам.долларын зэвсгийн худалдааны гэрээ байгуулсан нь хоёр орны түүхэнд хамгийн том батлан хамгаалах хэлэлцээр болж байгаа аж. Энэхүү гэрээ нь агаарын болон пуужингийн хамгаалалт, тэнгисийн аюулгүй байдал, хил хамгаалалт, мэдээлэл холбооны системийн шинэчлэл зэрэг өргөн хүрээг хамрах ажээ.

Мөн Саудын Арабын Хүмэйн /Humain/ нэртэй шинэ AI компани АНУ-ын Nvidia компанитай хамтран 18 мянга ширхэг “Blackwell” сервер бүхий AI дата төвүүдийг байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ нь Саудын Арабыг AI технологийн тэргүүлэгч болгох зорилготой ажээ. Мөн Саудын Арабын DataVolt компани АНУ-д 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, AI дата төвүүд болон эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэхээр төлөвлөсөн байна. Улмаар Boeing компани Саудын Арабт 4.8 тэрбум ам.долларын үнэтэй нисэх онгоц нийлүүлэх гэрээ байгуулжээ.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп энэхүү гэрээгээ “АНУ болон Саудын Арабын харилцааг шинэ түвшинд хүргэх түүхэн алхам” хэмээн тодорхойлж, хоёр орны эдийн засаг, аюулгүй байдал, технологийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн онцолсон байна. 

Эх сурвалж: CNN