"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн захирал Б.Дүгэржав нь төсвийн 9 орчим сая төгрөгөөр өөрийн нэрэмжит оройн арга хэмжээг ажилчдынхаа дунд зохион байгуулахаар төлөвлөж байжээ

"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн захирал Б.Дүгэржав нь төсвийн 9 орчим сая төгрөгөөр өөрийн нэрэмжит оройн арга хэмжээг ажилчдынхаа дунд зохион байгуулахаар төлөвлөж байжээ

Энэ оны нэгдүгээр сарын 14-ний өдөр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирлаар Б.Дүгэржавыг томилсон. Б.Дүгэржав нь өмнө Ховдын Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд нь Засгийн газрын хуралдаанаар 2022 оны наймдугаар сард түүнийг Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг удаашруулсан гэж үзэж хугацаанаас нь өмнө огцруулсан байдаг.

-“Б.ДҮГЭРЖАВЫН НЭРЭМЖИТ АРГА ХЭМЖЭЭ”-Г ЭНЭ САРЫН 14-НЫ ӨДӨР "ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН НИЙТ АЖИЛЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ-

Б.Дүгэржавыг ийн ажлаа өгсөн даруйд хууль хяналтын байгууллагаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендер авсан, бусдад давуу байдал олгосон үндэслэлээр шалгаж байгаа талаар тухайн үед хэвлэлээр мэдээлж байв.  Тэгвэл тэрбээр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирлаар ажиллаад дөрвөн сар ч болоогүй мөртлөө өөрийнхөө нэрэмжит арга хэмжээг төсвийн 9 орчим сая мөнгөөр зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Тодруулбал, тэрбээр “Б.Дүгэржавын нэрэмжит арга хэмжээ”-г энэ сарын 14-ны өдөр "Тавантолгой төмөр зам” ХХК-ийн нийт ажилчдын дунд зохион байгуулахаар Хангамжийн хэлтэс, Худалдан авалтын хэлтэс, Төлөвлөлтийн хэлтэс, Тээврийн удирдлагын газарт даалгажээ.

-ГУЯ ДАГУУЛЖ ХҮЗҮҮ ГЭДЭГ ШИГ МАН, АН-ААС НЭГ, ӨӨРИЙНХӨӨ НАМААС ГУРВАН ХҮН ТОМИЛЖ БУЙ-

Уг арга хэмжээний хүрээнд бүтэн өдрийн арга хэмжээг төлөвлөсөн бөгөөд орой хаалтын хүлээн авалтыг зохион байгуулах аж. Бүр үүндээ зориулаад хөтлөгч, амьд хөгжмийн хамтлаг, DJ, орон нутгийн соёлын төвийн уран бүтээлчид зэргийг хөлслөх юм байна. Энэ үеэр гүйцэтгэх захирал үг хэлж, хөгжөөнт тоглоом тоглохоос гадна соёлын төвийн уран бүтээлчид, амьд хөгжмийн хамтлаг, DJ нарын тоглолт болно. Мөн нийтийн бүжигтэй байж, оройн зоог зооглох бөгөөд энэ үеэр архи, пиво, ундаа, ус зэргийг хэрэглэхээр төсөвлөжээ. Уг үйл ажиллагааг Ардчилсан намаас томилогдсон хяналтын  менежер Э.Тамир олж мэдэн хатуу эсэргүүцэж байгаа аж. Э.Тамирын хувьд өмнө нь мөн олон нийтэд мэдээлэл хийж, “Тус компанийг төсвийн мөнгөөр муурны хоол, цээживч, чипс, шартуулдаггүй кондишн гэх мэтийг худалдаж авсан” талаар ярьсан. Тэгвэл энэ удаа дээрх баримтыг дэлгээд байгаа юм. Тэрбээр энэ талаар “Нийтээр архидан согтуурах нь битгий хэл хагас цэрэгжилтийн дэглэмтэй төрийн энэ институцид төсвийн мөнгийг хувийнх мэтээр зарж, дураар дургиж буй олон үйлдлийг Ардчилсан намаас томилогдсон Хяналтын менежерүүд илрүүлж, олон нийтэд мэдээлсээр байна. Тиймээс шүүмжлүүлж буй дарга нарын зүгээс "Ардчилсан намын хэрэггүй олон хяналтын менежерийг байхгүй болгоё" хэмээх мессежийг нийгэмд гаргаж байж болзошгүй” гэсэн юм.

Ташрамд дурдахад, өнгөрсөн долдугаар сард хамтарсан Засгийн газрыг байгуулж, төрийн болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд, компаниудад МАН, АН, ХҮН намын боловсон хүчинг бүхий л шатанд  томилж байна. Үүн дундаа хяналтын менежер, бүтээмжийн менежерийн албан тушаалыг шинээр бий болгож Засгийн газарт хамтарсан гурван намаас хүн томилж байгаа. Ингэхдээ МАН гуя дагуулж хүзүү гэдэг шиг АН-аас нэг хүнийг томилсон мөртлөө өөрийнхөө намаас гурван хүнийг томилж заль ашиглаж байгаа. Тухайлбал, АН-аас Эрдэнэт үйлдвэрт И.Мөнхжаргалыг томилсон атлаа дагуулаад өөрийнхөө намаас гурван хүнийг томилсон байдаг.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө