Оюу толгойн бүлэг ордын хоёр тусгай зөвшөөрлийн эзэмшигч Онтрэ компанийн асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Батнайрамдал мэдээлэл хийлээ.
Тэрээр Оюу толгой LLC, Онтрэ компани 2025 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр хамтын ажиллагааны ашиг хуваах гэрээгээ арбитрын шүүхийн дагуу гэсэн нөхцөлөөр албажуулсан байна. Тодруулбал, 76 хуудас гэрээ албажсан. Оюу толгойн бүлэг орд нь стратегийн хамгийн сор орд мөн. Ашигт малтмалын тухай хуулийн 5-ын 6-д хувийн хэвшил хайгуул хийж ордыг тогтоосон бол 34 төлбөр үнэ төлбөргүй эзэмших эсвэл АМНАТ-аар орлуулах хуулийн зохицуулалттай. Гэтэл энэ ашиг хуваах хамтран ажиллах гэрээг хийхдээ Монголын талын оролцоо, ашиг сонирхол нэг ч удаа дурдахгүйгээр албажуулсан байна. Онтрэ компанийн эзэмшиж буй хоёр лиценз дээр 62 мянган метр талбай, "Оюу толгойн нийт хүдрийн 30 хувь, алтны 42 хувь, зэсийн 24 хувь, мөнгөний 29 хувь, молибдений 94 хувь нь оршдог. Өөрөөр хэлбэл, маш том баялаг байгаа хоёр лиценз 22 жил гаднын компанийн эзэмшилд байсан. Оюу толгой LLC, Онтрэ компани ашгаа 20, 80 хувиар хуваахаар тогтоосон байна. Монголын хамгийн том стратегийн орд дээр хоёр гадаад компани ашгаа хуваахдаа Монголын талын эрх ашиг хаана ч хөндөгдөөгүй орхигдсон нь эмгэнэл. Бид Оюу толгойн 34 хувийг эзэмшиж байгаа ч үүнд ногдох зэсийн баяжмалаа өөрсдөө борлуулах эрх байхгүй. Харин Онтрэ компанид энэ гэрээгээр өөрт оногдох зэсийн баяжмалаа, бүтээгдэхүүнээ борлуулах эрх олгогдсон. Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн орлогоос 5 хувийн АМНАТ тогтворжуулж авсан байдаг. Гэтэл энэ гэрээнд мөн Онтрэ компани 2 хувийн АМНАТ тооцож авахаар тусгасан байгаа юм.
Хоёрдугаарт, Оюу толгойгоос бидний авах ногдол ашиг хойшлоод байдаг нь их хэмжээний зээл өндөр хүүтэй авдагтай холбоотой. Зээлийн хүүг аваад үзвэл бид доллароор ойролцоогоор 10 орчим хүүтэй зээл авдаг гэсэн үг. Мөн Онтрэ компани ч Оюутолгойгоос зээл авдаг. Гэтэл Монголын талын зээлээс 4.5 бага хүүтэй зээл авч байгаа юм. Үүнийг тооцоод үзвэл дахиад тэрбум доллароор яригдах зөрүү гарна. Онтрэ компанийн эзэмшдэг хоёр лицензийн газарт 2025 оноос эхлээд олборлолт хийж эхэлнэ. Тэгэхээр Монголын тал ямар ашиг хүртэх вэ гэдгийг Засгийн газар Оюу толгойтой хэлэлцээр хийж УИХ-д оруулж ирж албажуулах ёстой.