Хотын орлогч асан Л.Хосбаярыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл Л.Хосбаярын мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэдгийг АТГ-аас тодотголоо. Энэ талаар АТГ-ын мөрдөн, шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн "Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяртай холбоотой мэдээлэл АТГ-т ирсэн. Энэ дагуу мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа" гэлээ.
Ташрамд өгүүлэхэд, Л.Хосбаяр нь Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан нэгэн юм. Мөн тэрбээр “Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө Оруулалт, Менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан бөгөөд тус компани нь нийслэлийн хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдэд төсвийн бус эх үүсвэр татах, санхүүжилтийн бүтэц боловсруулах, сангуудын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг аж. Энэ ч утгаараа Нийслэлийн Засаг даргын орлогч асан Л.Хосбаярыг шалгаж байгаа гэх мэдээлэл байдаг.