ЗГ-ын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, "Эрдэнэт үйлдвэр"-ийн нэрийг ашиглаж, Хятад компанитай 300 сая ам.долларын гэрээ байгуулах гэж байсныг Тагнуулынхан илрүүлжээ

ЗГ-ын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэж, "Эрдэнэт үйлдвэр"-ийн нэрийг ашиглаж, Хятад компанитай 300 сая ам.долларын гэрээ байгуулах гэж байсныг Тагнуулынхан илрүүлжээ

Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэн гадаадын хөрөнгө оруулагчдыг залилахыг завдсан бүлэг этгээдүүдийг Тагнуулын байгууллагаас илрүүлэн, шалгаж эхэлжээ.

Тодруулбал, Монгол Улсын иргэн “Б”, “Д” нар бусадтай бүлэглэн Засгийн газрын нууц тогтоол, TӨҮГ-ын албан бичиг, тамга, тэмдэг, хамтын ажиллагааны гэрээ зэргийг хуурамчаар үйлдэж, гадаадын хөрөнгө оруулагчдыг онц их хэмжээгээр хохироохоор завдсан ноцтой гэмт хэргийг ТЕГ-аас таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх этгээдүүд нь БНХАУ-ын нэр бүхий компанийн төлөөллийг хууран мэхлэх зорилгоор Монгол Улсын "Засгийн газрын нууц тогтоол"-ыг хуурамчаар үйлдсэн байсан байна. Уг хуурамч тогтоолд "Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газар болон БНХАУ-ын компани хооронд 300 сая ам.долларын үнийн дүн бүхий уул уурхайн ашигт малтмал худалдах, худалдан авах гэрээ байгуулах чиглэлийг өгсөн мэтээр хуурамч тогтоолыг үйлдсэн байжээ. Үүгээр зогсохгүй "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас түүхий эд нийлүүлэх баталгаа гаргасан албан бичиг болон хамтын ажиллагааны гэрээ зэргийг давхар хуурамчаар үйлдэж, гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлсэн байсан аж.  Ингэхдээ тус ТӨҮГ-ын тамга, Ерөнхий захирал Г.Ёндонгийн гарын үсэг зэргийг хуурамчаар үйлдсэн байжээ. Одоогоор хэрэгт холбогдогч этгээдүүдийг саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.