Монгол Улсын Засгийн газар 2027 оны Улсын төсвийн төслийг боловсруулахдаа Оюу толгой төслөөс төрийн эзэмшилд ногдох гурван их наяд төгрөгийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгаж, хоёр их наядыг нь эрчим хүчний салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд, нэг их наядыг нь Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлэхээр төлөвлөсөн юм.
Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Н.Учралын санаачилгаар И-Монголиа болон И-Засаг цахим системээр дамжуулан Оюу толгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдээс санал авсан юм. Санал асуулгын үр дүнд санал өгсөн иргэдийн дийлэнх нь Хуримтлалын санд төвлөрүүлэх хувилбарыг сонгосон тул энэхүү төслийг буцаан татахаар болсон.
- ОЮУ ТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ГЭГДЭЖ БУЙ 3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ БЭЛНЭЭР ОЛГОХ САНАЛ ГАРГАЛАА -
Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр /2026.11.03/ Оюу толгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нарыг хүлээн авч уулзан, чиглэл өглөө. Тэрбээр “Оюу толгойн анхны ногдол ашгийг хэрхэн зарцуулах асуудал олон нийтийн анхаарлын төвд орж, нийтийн өргөдлийн системд 100 мянга гаруй иргэн ногдол ашгаа шууд хүртэх саналыг ирүүлээд байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно гэж үзэж, өөрийн байр сууриа Монгол Улсын Ерөнхий сайдад илэрхийллээ” гэсэн юм.
Өөрөөр хэлбэл, Оюу толгойгоос орж ирнэ хэмээн тооцоолж буй 3 их наяд төгрөгийг 3.6 сая ард иргэдийнхээ дансанд шууд олгох санал гаргалаа.
Үүний дараа Сангийн сайд З.Мэндсайхан Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн дагуу гурван их наяд төгрөгийн ногдол ашгийн хоёр их наядыг иргэдэд шууд олгох, үлдсэн нэг их наядыг Хуримтлалын санд төвлөрүүлэх хувилбарыг танилцуулжээ. Ингэхдээ одоо мөрдөж буй Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэг удаагийн зохицуулалт хийж, өөрчлөлт оруулах шаардлагатайг мэдэгдсэн байна.
- ЗАХ ЗЭЭЛД ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ НИЙЛҮҮЛВЭЛ ИНФЛЯЦ ӨСНӨ -
Тэгвэл зарим улс төрчид болон эдийн засагчид энэ асуудалд эсрэг байр суурь илэрхийлж, их хэмжээний мөнгийг зах зээлд шууд нийлүүлэх нь инфляц болон эдийн засгийн тогтвортой байдалд ямар нөлөө үзүүлэхийг тооцох шаардлагатайг анхааруулж байна. Тухайлбал, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал "Хэрэв Оюу толгойгоос орж ирэх гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг иргэдэд тараавал эдийн засагт ямар нөлөө үзүүлэх, гурван их наяд төгрөгийг шууд зах зээлд нийлүүлбэл ямар үр дагавар гарах талаар тооцоо судалгаа хийж, энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Олон жилийн өмнөх судалгаагаар зах зээлд нэг их наяд төгрөгийн нийлүүлэлт хийвэл инфляцад 0.5-1 хувийн нөлөөтэй гэдэг байсан. Одоо энэ нөлөөлөл илүү нэмэгдсэн болов уу. Иргэдийн амьжиргаанд бодит хэрэгцээ болж байгаа эсэхийг сайтар тооцох ёстой” гэсэн юм.
Мөн эдийн засагч Б.Лакшми "Монгол Улсын жижиг эдийн засагт их хэмжээний мөнгө нийлүүлэх нь инфляцыг өдөөж, дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадалд сөргөөр нөлөөлөн, иргэдийн худалдан авах чадварыг бууруулах эрсдэлтэй. Иргэдийн гар дээр бэлэн мөнгө тараах нь шууд болон урт хугацаандаа асар сөрөг нөлөөтэй. Шууд буюу богино хугацаанд гарах нөлөө нь инфляцын хөөргөдөл юм" хэмээжээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Оюу толгойн ногдол ашгийг одоо мөрдөж буй хуулийн дагуу Хуримтлалын санд төвлөрүүлж, иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хэрэгцээнд зарцуулах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Б.Жаргалан Үндэсний баялгийн сангийн тухай хуульд ногдол ашгийг иргэдийн нэрийн дансанд хуримтлуулахаар заасныг онцолсон байна.
- ТОМООХОН ЗАХУУДААР ЯВЖ МӨНГӨ ТАРААХ ӨРГӨДӨЛДӨӨ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛЖЭЭ -
Тэгвэл 2027 онд орох гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг иргэдийн дансанд шууд шилжүүлэх тухай нийтийн өргөдлийг хэн санаачилж, 100 мянган хүний дэмжлэг авсан бэ. Иргэн Х.Оюунбилэг аравдугаар сарын 23-ны өдөр Нийтийн өргөдлийн цахим системд "Оюу толгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрт 857 000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх" нэртэй өргөдөл санаачилжээ. Тэрбээр уг өргөдөлдөө “ Монгол Улсын нийт хүн ам болох 3.5 сая иргэндээ хуваавал нэг иргэнд 857,000 төгрөг ногдож байна. Иймд иргэн бүрийн өөрсдийн хувь дансанд бэлнээр шилжүүлэх хэрэгтэй байгааг хүлээн авна уу, эрхэм Ерөнхийлөгчөө” хэмээн дурдсан байна.
Тэгвэл энэхүү өргөдөлд иргэдийн гарын үсгийг цуглуулах ажилд "Оюу толгойг эсэргүүцэгч" Г.Уянга, Б.Отгон, Г.Баасан нар оройлон оролцсон билээ. Тодруулбал, тэд аравдугаар сарын 14-нд Сүхбаатарын талбайд Оюу толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шууд шилжүүлэх шаардлага бүхий жагсаал зохион байгуулж, уг шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлэхээ мэдэгдсэн юм. Үүний дараа дээрх өргөдөлд гарын үсэг цуглуулахаар иргэдийг уриалан дуудаж, томоохон зах худалдааны төвүүдээр явж суртал ухуулга хийн гарын үсгийг нь цуглуусан байна. Энэ тохиолдолд магадгүй зарим иргэд ямар бичиг дээр гарын үсэг зурж буйгаа ч мэдэхгүй өнгөрөх боломжтой нь харамсалтай.
Эргэн сануулахад, дээрх хүмүүс 2026 оны зургадугаар сард “Баялгийн эзэд ард түмний хөдөлгөөн” -өөрөө дамжуулан Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах, өнгөрсөн хугацаанд Монголын талд учирсан гэж үзэж буй мөнгөн болон байгаль орчны хохирлыг “Рио Тинто” компаниар нөхөн төлүүлэх шаардлага тавьж, удаа дараагийн жагсаал цуглаан хийж байв.