Өмнөд Солонгос залуусын дунд голын эрэг, задгай талбайд ном унших "Text Hip" чиг хандлага дэлгэрч байна

Өмнөд Солонгос залуусын дунд голын эрэг, задгай талбайд ном унших "Text Hip" чиг хандлага дэлгэрч байна

Өмнөд Солонгосын залуучуудын дунд ном уншихыг загварлаг, сонирхолтой амьдралын хэв маяг гэж үзэх "Text Hip" хэмээх шинэ чиг хандлага дэлгэрч байна. Үүний нөлөөгөөр 20-иод насныхны дунд ном унших үзүүлэлт 75.3 хувьд хүрчээ.

"Text Hip" гэдэг нь ном унших, дуртай эшлэлээ тэмдэглэх, уншсан номынхоо талаар цахим орчинд хуваалцах зэргээр номтой холбоотой соёлыг амьдралын хэв маягийн нэг хэсэг болгохыг хэлж байгаа юм. Энэ чиг хандлагын хүрээнд залуус номын дэлгүүр, номын сангаар үйлчлүүлэхээс гадна уншиж буй номоо олон нийтийн сүлжээнд нийтэлж, номын тухай контент бүтээх болжээ. Мөн номын дэлгүүрүүдийн борлуулалт нэмэгдэж, ном унших сонирхол залуу үеийнхний дунд дахин сэргэж байгааг хэвлэлүүд онцолсон байна.

Сонирхолтой нь, Өмнөд Солонгост ном унших орчныг зөвхөн уламжлалт номын сангаар хязгаарлахгүйгээр гадаа, задгай орчинд бүрдүүлжээ. Тус улсад нийт 383 задгай номын сангийн байршил ажиллаж байгаа аж. Тухайлбал, Сөүл хотын төв талбай, Чонгечон голын эрэг зэрэг олон нийтийн газарт номын тавиур байршуулж, иргэд задгай орчинд ном унших боломжийг бүрдүүлсэн байна. Сөүлийн задгай номын сангууд 2022 оноос хойш нийт 10 сая гаруй удаагийн зочин хүлээн авчээ.

Эх сурвалж: The Korea Times