Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын дотуур байрыг засварлажээ

Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын дотуур байрыг засварлажээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн дэргэдэх Мэргэжлийн боловсролын сургуулийн оюутны дотуур байранд иж бүрэн их засвар хийж, ашиглалтад хүлээн авчээ.

Мэргэжлийн боловсролын сургууль нь 12 төрлийн мэргэжлээр 15-45 насны хөгжлийн бэрхшээлтэй хүнд хоёр жилийн хугацаанд мэргэжлийн боловсрол олгож, хөдөлмөрт бэлтгэдэг. Энэ жилийн тухайд 162 суралцагч суралцаж байгаагаас орон нутаг болон алслагдсан дүүргийн 30 оюутан дотуур байранд байрлах юм. Сургуулийн дотуур байр 2011 онд ашиглалтад орсноос хойш засвар үйлчилгээ хийгдээгүй байжээ. Их засварын хүрээнд бүх өрөөний дотоод засал, ариун цэврийн өрөөнүүдийг бүрэн шинэчлэн засварлаж, оюутнуудад тав тухтай орчин бүрдсэн байна.

Засварын ажлыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хийсэн юм.