МҮЭХ-ноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөгт хүргэх шаардлага тавьж буй. Хэрэв энэ шаардлага бодит шийдвэр болбол ямар үр дагавар, нөлөөлөл үзүүлэх талаар эдийн засагч Б.Энх-Амгалангийн байр суурийг сонслоо. Тэрбээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхдээ судалгаа, ажил олгогчдын нөхцөл байдалд үндэслэн шийдвэр гаргах шаардлагатайг онцолсон юм.
ВИДЕО:
-МҮЭХ-ноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгож нэмэгдүүлэхийг шаардаж байна. Ер нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх нь ямар үр дагавартай вэ. Энэ сайн үзүүлэлт үү эсвэл муу үзүүлэлт үү. Эндээс ярилцлагаа эхэлье.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгаа. Үүнийг нэмэгдүүлье гэж ярьж байгаа нь хугацааны хувьд ойрхон давтамжтай нэмэгдэж байгаа нөхцөл байдал ажиглагдаж байна. Энэ нь ажил олгогч талд илүү дарамт үүсгэх нөхцөл байдал руу орчихоод байна.
- Эерэг болон сөрөг үр дагаврын талаар тодруулж тайлбарлаж өгөхгүй юу?
-Аж ахуйн нэгжүүдийн хувьд төлөх татвар нэмэгдэнэ. Улсын төсөвт эерэг үр дагавар авчрах байх. Нөгөө талд сөрөг үр дагавар юу вэ гэдгийг дэлгэрэнгүй авч үзье. Сөрөг үр дагавар нэлээд их гарна. Түрүүн хэлсэнчлэн ажил олгогчдын хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгочихвол татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг илүү өндөр дүнгээр төлж эхэлнэ. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлын дийлэнх нь цалин хөлсний зардал байдаг. Тиймээс цалин хөлсний зардал нэмэгдсэнтэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх асуудал яригдана. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь инфляцад сөргөөр нөлөөлж, инфляцыг өсгөх нөхцөл бүрдүүлдэг. Үйлдвэрчний эвлэлтэй холбоогүй, хувиараа бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд ч энэ дарамт буухгүй байх асуудал яригдана. Сөрөг нөлөөлөл нь эдийн засагт дам нөлөө үзүүлж, нэлээд өндөр хэмжээнд илэрч болзошгүй.

“ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ЖИЖИГ ААН-ҮҮДЭД ДАРАМТ БОЛЖ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТЭД НӨЛӨӨЛЖ БОЛЗОШГҮЙ”
-Нөгөө талаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцдог торгууль, шийтгэлүүд бас байдаг. Энэ талаар?
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь хуульд олон хүчин зүйлтэй уялдаж тогтоогддог. Хамгийн түрүүнд торгууль, шимтгэлтэй холбоотой асуудлууд бий. Зарим тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд дахин нэмэгдүүлсэн, эсвэл тодорхой хувиар тооцсон гэх мэт зохицуулалт байдаг. Үүнээс шалтгаалан иргэдэд ирэх санхүүгийн дарамт нэмэгддэг. Энэ нь бас нэг сөрөг нөлөө юм.Эдийн засагт үзүүлэх эерэг, сөрөг нөлөөллүүдийг хооронд нь хэрхэн тэнцвэржүүлж байгааг давхар тооцох хэрэгтэй. Үйлдвэрчний эвлэлийн гаргасан шаардлага бүрийн дагуу Засгийн газар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмээд байвал бусад аж ахуйн нэгжүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, татвар, торгууль, шимтгэл төлдөг иргэдэд илүү хүнд дарамт болж очих нөхцөл үүснэ.
-Аж ахуйн нэгжүүд, улсын төсөв, иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар ярилцлаа. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгочихвол долоон буудалд амьдардаг Дондогт хамааралтай эерэг үр дагавар байгаа юу?
Хөдөлмөр эрхэлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг хүмүүсийн хувьд цалин хөлс нь нэмэгдэхээр тухайн хүнд ашигтай нөхцөл байдал үүснэ. Гэхдээ ихэнх жижиг аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулж, тэр хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл, татвараа төлдөг байсан бол энэ нь тэднийг илүү хүнд нөхцөлд оруулна. Томоохон аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс өндөр цалин өгдөг учраас энэ өөрчлөлтийн дарамт харьцангуй бага мэдрэгдэнэ. Харин жижиг аж ахуйн нэгжүүдэд илүү хүчтэй нөлөөлдөг. Манай өнөөгийн нөхцөлд аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь жижиг ангилалд багтаж байна. Албан бус эдийн засгийн хүрээнд хөдөлмөрийн гэрээгээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр байгуулсан ч бодитоор олгох цалингаа арай өндөр байлгах бодлого баримталдаг. Эсвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулаад нэмэлтээр унаа, хоолны мөнгө олгох зэргээр ажил олгогч болон ажилтанд ирэх дарамтыг бага байлгах тооцоолол хийдэг байсан. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөгт хүргэвэл аж ахуйн нэгжүүдийн зардал нэмэгдэнэ. Өмнө хэлсэнчлэн хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн хувьд энэ дарамт эдийн засагт үзүүлэх нөлөөллөөр дамжин ирнэ. Харин бодитоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг хүн байвал түүнд эерэг нөлөө үзүүлнэ. Гэхдээ бодит байдал дээр яг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг хүн хэр олон байдаг вэ гэдэг нь өөрөө асуултын тэмдэгтэй асуудал юм.

- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өсөхөд хөдөлмөр эрхлэлт буурдаг гэсэн судалгаа уншиж байсан. Манай улсад энэ чиглэлээр хийсэн томоохон судалгаа байдаг уу?
- Хөдөлмөрийн эдийн засгийн чиглэлийн судлаачид энэ чиглэлээр нэлээд судалгааны ажил хийдэг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх нь жижиг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэл учруулж болзошгүй. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөр борлуулалт буурах талтай. Үүнээс шалтгаалан аж ахуйн нэгжүүд хаалгаа барих нөхцөл үүсэж болно. Ингэснээр хүмүүсийг ажиллуулах боломжгүй болж, жижиг аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байгаа хүмүүсийн ажилгүй болох магадлал нэмэгдэнэ. Тиймээс хөдөлмөр эрхлэлт буурах хандлага ажиглагдаж болзошгүй.
“ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ УЛС ТӨРӨӨС ХАРААТ БУС АЖИЛЛАХ ЁСТОЙ”
- Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нийтдээ 88.6 хувиар нэмэгдүүлсэн байна. Тухайлбал, 2020 онд 420 мянган төгрөг байсан бол 2024 онд 792 мянган төгрөг болж өсжээ. Үйлдвэрчний эвлэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлага тавьдаг. Үүний дараа холбогдох сайд нь нэмэгдүүлэх шийдвэр гаргадаг. Цалин нэмэх гэсэн үндсэн шаардлага тавьдаг болохоос өөр хийж байгаа ажил нь тодорхойгүй, өрөөсгөл харагдаж байна. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
Үйлдвэрчний эвлэл хэд хэдэн зорилготой байдаг. Олон улсад үйлдвэрчний эвлэлүүд нэгдсэн хэлбэрээр байхаас илүүтэй салбар тус бүрдээ байгуулагдсан байх нь түгээмэл. Тухайлбал, төмөрлөгийн үйлдвэрийн салбарын үйлдвэрчний эвлэл тухайн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлсийг нэмэгдүүлэхээс гадна ажиллах орчин нөхцөлийг нь хангах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаардаг. Өөрөөр хэлбэл, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн нийгмийн хамгаалал, цалин хөлсний баталгаа, ажиллах орчин нөхцөлийн аюулгүй байдлыг хангахад түлхүү анхаарч ажилладаг. Манайд социализмын үеэс уламжилж ирсэн нэгдсэн том үйлдвэрчний эвлэл байдаг. Тэр нь Засгийн газарт дуу хоолойгоо хүргэж, зарим талаар шахалт үзүүлэх замаар цалин хөлсийг нэмэгдүүлэх зарчмаар ажилладаг мэт харагддаг. Олон улсын жишгээр бол салбар бүрдээ үйлдвэрчний эвлэлүүдтэй байж, тэдгээр нь өөрсдийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн дуу хоолой болж ажиллах нь зүйтэй гэж боддог.

- Үйлдвэрчний эвлэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлага тавьдаг. Үүний дагуу нэмэгдүүлдэг. Үүний үр дүнд улсын төсвийн орлого нэмэгдэх боломжтой. Гэтэл үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч нь сонгуулийн жагсаалтын долдугаарт бичигдэж, УИХ-ын гишүүн болсон нөхцөл байдал ч харагдаж байна. Социализмын үеийн энэ үйлдвэрчний эвлэлийн холбоог татан буулгавал яасан юм бэ?
-Энэ талаар хувийн байр сууриа илэрхийлье. Би үйлдвэрчний эвлэлийн чиглэлийн хүн биш учраас нарийн хэлж чадахгүй. Ер нь үйлдвэрчний эвлэлийн чиглэлийн байгууллагуудад ажиллаж байгаа хүмүүсийн хувьд тэдгээр байгууллага Засгийн газар, улс төрөөс хараат бус байх ёстой. Үндсэн чиг үүргээрээ ажиллах ёстой байгууллага шүү дээ. Гэтэл үйлдвэрчний эвлэлд ажиллаж байгаад эргээд Засгийн газар, улс төрийн хүрээнийхэнтэй нэгдэж ажиллаж байгаа нь зохисгүй нөхцөл байдал үүсгэж байна. Тиймээс цаашид үнэхээр оршин тогтноё гэвэл улс төрөөс хараат бусаар ажиллах ёстой. Үйлдвэрчний эвлэлийн даргаар ажиллаж байгаа хүмүүс улс төрчидтэй холбогдож, улс төрд орж, сонгуульд оролцох нь буруу гэж харж байна. Цаашдаа үйлдвэрчний эвлэл зөв замаараа явбал илүү зүгээр. Үйлдвэрчний эвлэлийн хурал хийж, нэгдсэн байдлаар ажиллах ёстой юу, эсвэл салбар бүрийн ажилчдыг тус тусад нь төлөөлөх ёстой юу гэдэг асуудлаа өөрсдийн хурлаар нэг мөр шийдээд явах нь зүйтэй болов уу гэж бодож байна.
-Ярилцлагын төгсгөлд нэмж хэлэх зүйл байгаа болов уу?
-Бидний гол анхаарах зүйл бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг судалгаанд үндэслэж шийдэх явдал юм. Мөн ажил олгогчдын нөхцөл байдлыг харгалзан үзэж, Засгийн газартай зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрээ гаргаасай гэж хүсэж байна.
-Дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ярилцсан танд маш их баярлалаа.
