Өмнөговь аймгийн Даланзадгад хотод “толбот хөөрзгөнө” хэмээн нэрлэгдсэн нэгэн шувуу үзэгдсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Зарим хүмүүс уг шувууг “маш ховор” хэмээн тодорхойлж байгаа ч мэргэжлийн үүднээс авч үзвэл энэ нь “Spotted Dove” буюу толбот тагтаа аж.
Толбот тагтаа нь хүзүүний ар хэсэгт байрлах цагаан толбот хар хээтэйгээрээ онцлог бөгөөд Зүүн болон Өмнөд Азийн бүс нутагт өргөн тархсан, хүний суурьшлын орчинд амьдрах чадвар сайтай зүйлд тооцогддог. Харин Монголын хувьд сүүлийн жилүүдэд хот, суурин газарт ажиглагдах нь нэмэгдэж, тархалтын хүрээ нь аажмаар тэлж байгаа хэмээн шувуу ажиглагчид үзэж байгаа юм. Судлаачдын үзэж буйгаар хотжилт, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний нөөцийн нэмэгдэл зэрэг хүчин зүйлс нь уг шувуу шинэ бүс нутагт тархан суурьшихад нөлөөлж байгаа гэжээ.
