"Hyatt Hotels Corporation" болон "Hilton Worldwide Holdings" зэрэг АНУ-аас гаралтай дэлхийн томоохон зочид буудлын сүлжээнүүд Монгол Улсын хилийг даван, нутагших бэлтгэлээ хангаж эхэлжээ.
Тодруулбал, Hilton сүлжээний “Конрад Улаанбаатар” нэртэй 227 өрөөтэй тансаг зэрэглэлийн зочид буудлын бүтээн байгуулалт нийслэлийн төв хэсэгт ид өрнөж байгаа бөгөөд 2028 онд ашиглалтанд орох юм. Харин Hyatt зочид буудал УИХ-ын гишүүн М.Билэгтийн Дөрөвдүгээр эмнэлгийн өргөтгөлийн зориулалтаар барьсан 88.9 тэрбум төгрөгийн үнэлгээтэй эмнэлгийн зориулалттай барилгад төвхнөхөөр төлөвлөжээ. Hyatt зочид буудлын сүлжээ өнөөдөр дэлхийн 80 гаруй оронд 1450 гаруй салбартай бол Hilton сүлжээ 143 улсад 9 мянга гаруй салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.
-СҮЛЖЭЭ ЗОЧИД БУУДЛУУД ТУХАЙН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХ ИРЭЭДҮЙН ӨСӨЛТИЙН БОЛОМЖИЙГ НАРИЙВЧЛЭН ҮНЭЛСНИЙ ҮНДСЭН ДЭЭР ШИЙДВЭРЭЭ ГАРГАДАГ-
Дэлхийн алдартай сүлжээ зочид буудлууд үйл ажиллагаандаа ижил стандарт мөрддөг нь дээрх хоёр зочид буудалд ч ажиглагдаж байна. Тухайлбал, аль аль нь буудлын барилгаа өөрсдөө барих бус, орон нутгийн хөрөнгө оруулагч, хөгжүүлэгчидтэй хамтран ажиллаж, барилгын санхүүжилтийг дотоодын тал хариуцдаг аж. Харин олон улсын сүлжээний зүгээс брэнд, стандарт, менежмент, маркетингийн ажлыг хийдэг.
Байршлын хувьд хотын төв, бизнесийн дүүрэг, аялал жуулчлалын гол бүсийг илүүд үздэг бөгөөд тухайн улсын эдийн засгийн идэвх, ирээдүйн өсөлтийн боломжийг нарийвчлан үнэлсний үндсэн дээр шийдвэрээ гаргадаг. Мөн барилгын стандартын хувьд өрөөний хэмжээ, интерьер дизайн, үйлчилгээний талбай, ресторан, хурлын танхим, фитнес, спа зэрэг иж бүрэн дэд бүтцийг олон улсын түвшинд бүрдүүлэхийг шаарддаг байна. .
Харин ялгаатай нь гэвэл Hyatt нь ихэвчлэн менежментийн гэрээг түлхүү ашиглаж, буудлын өдөр тутмын үйл ажиллагааг өөрөө удирдах хандлагатай байдаг бол Hilton зочид буудал нь франчайзын сүлжээг илүү өргөн хөгжүүлсэн, дэлхий даяар олон мянган буудлыг франчайз хэлбэрээр ажиллуулдгаараа онцлог. Мөн Hyatt нь харьцангуй дээд зэрэглэлийн сегментэд төвлөрдөг бол Hilton нь luxury-гаас эхлээд дунд, боломжийн сегмент хүртэл өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байна.
-ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН БУУДЛЫН “ХООСОН ОРОН ЗАЙ” БАЙВАЛ ТЭР ЗАХ ЗЭЭЛД ОРОХ МАГАДЛАЛ ӨНДӨР БОЛДОГ-
Hyatt Hotels Corporation болон Hilton Worldwide Holdings зэрэг олон улсын зочид буудлын сүлжээнүүд аль нэг улсад нэвтрэхдээ олон шатны нарийн шалгуур, судалгаанд үндэслэн шийдвэр гаргадаг. Юуны өмнө тухайн улсын эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзаж үзэх бөгөөд ДНБ-ий өсөлт, бизнесийн орчин, гадаадын хөрөнгө оруулалтын урсгал, улс төрийн тогтвортой байдлыг хамгийн их хардаг байна. Хэрэв эдийн засгийн өсөлт тогтвортой, бизнесийн идэвх өндөр байвал тансаг зэрэглэлийн буудлын эрэлт нэмэгдэнэ гэж үздэг. Мөн тухайн улсын зах зээлийн өрсөлдөөнийг ч нарийвчлан судлах бөгөөд өөр олон улсын брэндүүд байгаа эсэх, дотоодын буудлуудын чанар ямар түвшинд байгаа зэргийг үнэлж, тансаг зэрэглэлийн буудлын “хоосон орон зай” байвал тэр зах зээлд орох магадлал өндөр болдог байна.
Барилгын өртгийн хувьд Hyatt-ийн дунд зэрэглэлийн буудал 13–30 сая ам.доллараас эхэлж Park Hyatt, Grand Hyatt зэрэг тансаг төслүүд 50 саяаас хэдэн зуун сая ам.доллар хүрдэг байна. Харин Hilton зочид буудлын хувьд 200–300 өрөөтэй буудал байгуулахад дунджаар 38–160 сая ам.долларын хөрөнгө шаардлагатай болдог аж. Хоёр сүлжээний франчайзын анхны төлбөр ойролцоогоор 60–150 мянган ам.доллар байдаг. Үүн дээр үйл ажиллагааны явцад орлогын 4–6 хувийг брэнд ашигласны шимтгэл, 2–4 хувийг маркетингийн шимтгэл хэлбэрээр төлдөг.
-HYATT, HILTON ЗЭРЭГ ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ЗОЧИД БУУДЛЫН ХУВЬД ҮҮРГЭВЧТЭЙ АЯЛАЛ БУС, БИЗНЕСИЙН АЯЛАЛ ХЭР ХӨГЖСӨН НЬ ЧУХАЛ ҮЗҮҮЛЭЛТ БОЛДОГ-
Зочид буудлын эрх авах дараагийн чухал шалгуур бол аялал жуулчлалын урсгал. Учир нь тухайн улсад ирэх жуулчдын тоо, тухайн улсын аялал жуулчлалын бодлого зэрэг нь буудлын ашигт ажиллагаанд шууд нөлөөлдөг. Түүнчлэн Hyatt, Hilton зэрэг тансаг зэрэглэлийн зочид буудлын хувьд үүргэвчтэй аялал бус, бизнесийн аялал хэр хөгжсөн нь чухал үзүүлэлт болдог аж. Олон улсын стандарт бүхий зочид буудлуд нэмэгдсэнээр Монгол Улсын аялал жуулчлалын салбарт томоохон өөрчлөлт гарч, өндөр орлоготой жуулчдыг татах боломж нэмэгдэх сайн талтай. Мөн бизнес аялал жуулчлал, гадаадын хөрөнгө оруулалтанд ч эерэгээр нөлөөлж барилга, үйлчилгээ, жижиглэн худалдаа зэрэг дагалдах салбарууд ч давхар хөгжинө. Түүнчлэн үйлчилгээний салбарын хүний нөөцийн ур чадвар дээшилж, олон улсын менежментийн туршлага дотоодод нэвтрэх юм.
Сонирхуулахад, 2020 онд Fortune magazine-аас гаргасан “Ажиллахад хамгийн тохиромжтой 100 компани”-ийн жагсаалтад Hilton Hotels & Resorts-ийг тэргүүн байранд эрэмбэлж байсан нь тус компанийн ажилтны сэтгэл ханамж, байгууллагын соёлыг өндөр түвшинд үнэлснийг харуулж байна.
Ийнхүү Hyatt болон Hilton зэрэг дэлхийн томоохон зочид буудлын сүлжээ Монголд нэвтрэх нь зөвхөн шинэ буудал баригдах төдий бус, олон арван сая ам.долларын хөрөнгө оруулалт, эдийн засаг, аялал жуулчлалын салбарт урт хугацааны стратегийн ач холбогдолтой үйл явц болж байна.