МАН-ын Удирдах зөвлөл маргааш 11:00 цагт хуралдахаар болжээ. Хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг урьдчилан хэлэлцэх юм.
Тодруулбал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар өчигдөр /2026.03.16/ хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргасан. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Г.Занданшатар маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанд сайд нарыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг танилцуулах аж. Үүнээс урьтан МАН-ын Удирдах зөвлөл уг асуудлаар урьдчилан байр сууриа нэгтгэж, дараагийн сайд нарын нэрсийг тодорхой болгохоос гадна сүүлийн өдрүүдэд өрнөөд буй улс төрийн нөхцөл байдлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Шинээр томилогдох Боловсролын сайдад Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайдад Б.Найдалаа нарын нэр яригдаж байгаа бөгөөд энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “Нэрс одоогоор эцэслэгдээгүй, Засгийн газарт хамтран ажиллаж буй намуудтай зөвшилцөнө” хэмээн мэдэгдсэн байна.