Орон сууцны залилах гэмт хэрэг иргэдийн ч, хууль хүчний байгууллагын ч толгойны өвчин болсоор байна. Захиалга өгсөн орон сууц нь ашиглалтад орохгүй байх, нэг байрыг давхардуулан зарах зэргээр залилах гэмт хэрэг гарч, хууль хүчний байгууллага нь шийдэж чадахгүй уддагаас шалтгаалан иргэд эд хөрөнгө, сэтгэл зүйгээрээ хохироод үлдэх тохиолдол олон бий. Тэгвэл энэхүү орон сууцны захиалгын гэрээнээс үүдэлтэй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн төслийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг, О.Батнайрамдал, Н.Алтаншагай нарын гишүүд боловсруулсан байна.
-БАРИГДАЖ ДУУСААГҮЙ ОРОН СУУЦАНД ЗАХИАЛГА ӨГСӨН БОЛ ТУХАЙН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОД БОЛГОЖ, ИРГЭД ДАВХАРДУУЛАН ОРОН СУУЦ АВАХААС СЭРГИЙЛНЭ-
Эл хуулийн төслийн гол агуулга нь мэдээллийг ил тод болгох. Ерөөс мэдээллийг нээлттэй, ил тод болгочихвол иргэд залилуулах тохиолдол багасна гэж үзсэн байна. Учир нь нэг хаяг дээр хэд хэдэн хүнд гэрчилгээ давхар гаргаж өгөөд залилах тохиолдол цөөнгүй гардаг. Иймд иргэд барьж дуусаагүй орон сууц авахдаа хийсэн захиалгын гэрээгээ заавал бүртгүүлэхээр хуульчлах гэнэ. Ингэснээр иргэд эл мэдээллийг нээлттэй мэдээллийн сангаас харах боломж бүрдэх бөгөөд давхар гэрээ байгуулах эрсдлээс урьдчилан сэргийлж чадах нь.
Энэ талаар “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах буюу 8.6.22-д барилгын ажлын зөвшөөрөлд заагдсан барилга байгууламжийн хаяг, урьдчилсан хаяг, ашиглалтад оруулах гэрчилгээ олгоогүй боловч барьж дуусаагүй барилгыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн эсэх, зөвшрөөлд заагдсан нийтийн зориулалттай орон сууцны зориулалтаар барьж байгаа барилга байгууламж дээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангах агуулга бүхий хэлцэл, урьдчилсан тэмдэглэгээ байгаа эсэх, Иргэний хуулийн 145.2-т заасны дагуу орон сууц захиалгын гэрээ, хэлцэл тухайн барилгатай холбоотойгоор байгуулагдаж, бүртгүүлсэн эсэх, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, барилга баригдах газрын эрхийн бүртгэлийн мэдээлэл, кадастрын код, барилгын батлагдсан загвар зураг, батлагдсан зураг төсөв, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр, тэдгээрийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг ил тод болгоно гэжээ.
Түүнчлэн Хаягжуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулж, барьж дуусаагүй орон сууцны барилгад албан ёсны хаяг, эсхүл урьдчилсан хаягын зохицуулалтыг бий болгох гэнэ. Ингэснээр иргэд захиалгын байрандаа хаяг эзэмших, дараа нь аилваа асуудал үүссэн ч хуулийн байгууллагаас шийдүүлэхэд илүү хялбар дөхөм болохоор харагдаж байна. Энэ талаар Барилгын тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу 27.9-д Энэ хуулийн 26.1.1, 26.1.2-т заасан барилгын ажлын зөвшөөрөл олгоход барилга байгууламжийн урьдчилсан хаягийг олгоно гэж заахаар тусгажээ.
-БАРИГДАЖ ДУУСААГҮЙ БАРИЛГЫГ БАНКИНД ТАВЬЖ ЗЭЭЛ АВЧ БОЛОХГҮЙ БАЙХ, “Д” БУЮУ “ДУУСААГҮЙ БАРИЛГА” ГЭСЭН ТЭМДЭГЛЭГЭЭ ТАВИХ ТАЛААР ТУСГАЖЭЭ-
Хуулийн төлсийг дагалдуулан Үл хөдлөхийн улсын бүртгэлийн хуульд өөрчлөлт оруулж, дуусаагүй барилгыг одоогийнх шиг Ү биш өөр нэршлээр буюу Д нэршлийг өгөхөөр заасан байна. Тодруулбал энэ бол дуусаагүй барилга шүү гэсэн утга илэрхийлэх юм. Ингэхээр иргэдэд илүү ойлгомжтой болох юм байна. Энэ талаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийн 2 дугаар зүйлд “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийн “гэрчилгээ олгоно” гэснийг “Ү” гэрчилгээ олгох бөгөөд барилгын тухай хуулийн 4.1.2-т заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулсан гэрчилгээ олгоогүй боловч барьж дуусаагүй барилгыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн “Д” гэрчилгээ олгоно” гэж өөрчилсүгэй” гэжээ.
Үүгээр зогсохгүй, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулж, баригдаж дуусаагүй барилгыг захиалгын гэрээгээр авсан иргэд банкинд тавьж, зээл авдаг байдлыг болиулах заалтыг тусгасан байна. Тодруулбал, Барьж дуусаагүй барилгыг улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан иргэд тухайн барилгыг зээлийн барьцаанд тавьчихдаг. Тодруулбал, 2020 онд 864 дуусаагүй орон сууцны барилгыг барьцаанд тавьж зээл авсан бол энэ тоо 2025 онд 3179 болж өссөн байна.
Иймд эл харилцааг зохицуулахаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд “9.6.4.Иргэний хуулийн 145.2-т заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн хэлцэл болон барьж дуусаагүй барилга дээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангах агуулга бүхий нийтийн зориулалттай орон сууцны захиалгын гэрээний хэсгээр.” Гэсэн хэсгийн нэмэхээр тусгажээ. Ингээд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, орон сууцны залилах гэмт үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл болгохоор хуульчлахаар тусгасан бөгөөд 2-8 жилийн хорих ялтай байхаар заасан байна.