Холимог тулаанч Т.Нямжаргал нь 1998 онд Баянхонгор аймгийн Баянбулаг суманд мэндэлж байжээ. Тэрбээр тулааны спортоор 2017 оноос буюу 19 настайгаасаа хичээллэж, МУГТ Ж.Нарантунгалагийн үүсгэн байгуулсан “Shandas MMA” клубын тамирчин болж, мэргэжлийн холимог тулааны замналаа 2020 онд эхлүүлж, “MGL-1 FC” болон “Gladiator FC” холбооны хөнгөн жингийн аварга болж байсан. “Road to UFC” тэмцээний хоёр болон гуравдугаар улиралд амжилттай оролцон, ялалт байгуулж, UFC холбоотой албан ёсоор гэрээ байгуулж байсан. Гэрээгээ байгуулсны дараа 2024 оны арваннэгдүгээр сард UFC-ийн анхны тулаанаа хийж харамсалтайгаар ялагдсан байдаг.
Түүний хувьд энэ оны гуравдугаар сарын 8-нд Лас-Вегас хотод болсон “UFC 326” тэмцээнд тулалдаж, мэргэжлийн замналынхаа арав дахь ялалтаа байгуулсан юм. Тэгвэл бид энэ удаа Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж, амжилтын богц дүүрэн байгаа холимог тулаанч Т.Нямжаргалтай ярилцлаа.
ВИДЕО:
-20 мянган хүний өмнө гараад төрийн далбайгаа бариад гүйхэд миний айдас алга болсон-
“UFC 326”-д тулалдаж, ялалт байгуулсан танд баяр хүргэе. Энэ бол тулаанч бүрийн мөрөөдөл, хамгийн том дэвжээ шүү дээ. Энэхүү тулааны талаар сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцвал?
Энэ удаагийн хийсэн тулаан маань маш чухал байсан. Өрсөлдөгч маань бөх суурьтай учир барилдаж, тулалдахыг хүссэн ч би ялж чадсан. Энэ ялалтыг би 10 жил хүсэн хүлээсэн болохоор үгээр илэрхийлэхийн аргагүй баяртай байсан. Гэхдээ би энэ хугацаанд бэлтгэл сургуулилтаа хичээн хийж байсан учраас энэ ялалт бол ямар нэгэн ер бусын зүйл биш гэж бодож байгаа.
Тулааны өмнө танд ямар нэгэн, айдас түгшүүр байсан уу? Түүнийгээ хэрхэн даван туулсан бэ?
Би 20 мянган хүний өмнө гараад, далбайгаа бариад гүйхэд миний айдас алга болсон. Нэгэнт тулалдахаар шийдээд октагонд гарсан бол айх, түгших ямар ч эрх байхгүй.

Тулааны спорт бол тамирчнаас маш их зүйлийг шаарддаг. Ямар нэгэн байдлаар шантрах эсвэл гэр бүлийнхэн тань хориглож байсан уу?
Энэ спорт бол амар зүйл биш. Миний бие өдөр болгон л өвдөж, хөх няц болж, өдөр болгон шантармаар, орхиод явчихмаар мэдрэмж төрдөг. Гэхдээ би маш том зүйлийг мөрөөдөж байгаа учраас энэ бүх зүйлсүүдийг даван туулаад явж байна даа. Тулааны спортоор анх хичээллэж эхдэхдээ би аав, ээждээ огт хэлээгүй. Би багаасаа биеэ даасан хүүхэд байсан учраас намайг хориглож байгаагүй. Миний хүсэл мөрөөдлийг ойлгож, намайг маш их дэмждэг.
Таны харж, үлгэр дуурайлал авдаг тамирчин хэн бэ?
Миний харж үлгэр, дуурайлал авдаг тамирчин гэвэл Монголоос МУГТ Ж.Нарантугалаг багш. Харин дэлхийгээс гэвэл Конор Мкгрейгор. Тэднийг харж тулаанч хүн ямар байхыг, тулалдахдаа ямар байхыг суралцдаг.
-Энэ тулаанд оролцохын тулд 15 кг хассан. Сүүлийн 5кг-ийг хасахын тулд өөрийн бүх нөөц бололцоог шавхсан-
Магадгүй та тамирчин болоогүй байсан бол ямар хүн болох байсан бол гэж төсөөлж байсан уу?
Миний хувьд энэ жил МУИС-ийг төгссөн. Магадгүй спортоор хичээллээгүй байсан илүү их хичээлдээ шамдаад явах байсан байх. Би багаасаа математикийн хичээлдээ дуртай, сайн байсан. Гэхдээ би спортыг сонгосондоо хэзээ ч харамсаж байгаагүй. Надад спорт эрүүл мэнд, эрх чөлөөг мэдрүүлдэг.
Тулааны спортод сэтгэл зүй чухал байдаг байх. Та ямар зүйлээс урам, зориг, сэтгэлийн тэнхээ авдаг вэ?
Мэдээж эх орны минь нэр байнга намайг дагаж явдаг. Тэр ч утгаараа тулаанд ялагдвал би биш, эх орон маань ялагдаж байгаа мэт санагдах учраас өөрийгөө илүү хурцалдаг.
Үзэгчдийн хувьд тулаан хараад биенээ цохиж, гэмтээх нь их хэцүү харагддаг. Тэгвэл холимог тулаанч байхын хамгийн хэцүү зүйл нь юу байдаг вэ?
Хамгийн хэцүү үе бол жин хасах байдаг. Энэ тулаанд оролцохын тулд 15 кг хассан. Сүүлийн 5кг-ийг хасахын тулд өөрийн бүх нөөц бололцоог шавхсан. Үүнээс болоод тулааны өмнөх шөнө бие шархирч өвдөөд, халуураад унтаж чадаагүй. Хоол гэх зүйл ходоодонд байхгүй учраас сул дорой эд, эсээ идэж эхэлдэг болохоор бие шатаж хонодог. Гэхдээ үүнийг давчих юм бол бэлтгэлээ маш сайн хийсэн учир ямар ч асуудалгүй ялна гэдгээ мэдэж байсан.
Одоогоор та 10 тулаанд ялалт байгуулсан. Тулаанд ялахад танд ямар мэдрэмж төрдөг вэ?
Тулаандаа ялчихаад гадаа гараад зайрмаг идээд юу ч бодохгүй сууж байх хамгийн сайхан байдаг. Зайрмагны амтыг, амьдралын амтыг мэдрээд суудаг даа. Тулаан болгон амаргүй байдаг. Өрсөлдөгчид маань бүгд мэргэжлийн тамирчид учраас хүнд тулаанууд болдог.
Та замналдаа нэг л удаа ялагдсан.Тухайн үед ялагдахад юу нөлөөлсөн гэж боддог вэ?
Би 10 тулаанд ялж, нэг тулаанд ялагдсан. энэ ялагдсан тулаандаа би одоог хүртэл өөрийгөө 100 хувь дайчлаагүй ялагдсандаа харамсаж явдаг. Тэр үед өрсөлдөгчөө хоёр удаа цохиж унагаасан байдаг, гэхдээ гүйцээж чадаагүй. Гурван үеийн дараа шүүгч нарын саналаар ялагдсан.

-Харь газар очихоор аав, эх орон хоёроо л хамгийн их санадаг даа-
Таны хамгийн том хүсэл, мөрөөдөл юу вэ?
Би хүүхэд байхаасаа их олон зүйлийг хүсэж, мөрөөддөг байсан. Тэр дундаас хамгийн том нь ямар нэгэн амжилтанд хүрчихээд аавдаа хэзээ нэг өдөр машин авч өгнө дөө гэж мөрөөддөг байсан. Түүндээ ч би хүрээд аавдаа машин авч өгсөн. Би аавынхаа хайранд өлгийдүүлж өссөн хүүхэд л дээ. Аавынхаа талаар ярихаар л уйлчих гээд байдаг юм. Хүү нь аавдаа маш их хайртай шүү. Энэ үгийг өдөр болгон хэлж чаддаггүй ч өдөр болгон тандаа хайртай гэдгээ бодож явдаг шүү. Зарим хүмүүс эр хүн уйлах ёсгүй л гэх байх гэхдээ би аавыгаа баярлуулсанаа бодохоор л уйлчихаад байх юм. Тулаанд яваад харь газар очихоор аав, эх орон хоёроо л хамгийн их санадаг даа.
Тулаанд гарахдаа та их загварлаг монгол дээл, хувцас өмсдөг шүү дээ. Таны хувцасыг хэн сонгодог вэ? Стиллист байгаа юу?
Дэлхийн хамгийн том тайзан дээр гарах боломж тэр болгон олдоод байдаггүй. Надад энэ боломж олдсон дээр нь аль болох монгол дээл, хувцасаа өмсөж, монгол хэлээр ярихыг хичээдэг. Энэ бол эх орныг дэлхийд маш томоор сурталчилна гэж боддог. Тэрнээс биш надад ямар нэгэн стиллист байдаггүй, өөрөө сонгоод өмсдөг.
Танд тусалж, дэмждэг олон хүн, олон байгууллага байгаа байх. Ярилцлагын төгсгөлд тэдэндээ зориулж үг хэлвэл?
Гэр бүлийнхэндээ, найз нөхөд, ах эгч нартаа, дэмждэг байгууллагууддаа, надад үргэлж урмын үг хайрладаг ард түмэндээ үнэхээр их баярлаж явдаг шүү. Бүгдэд хайртай шүү.
Ярилцсанд баярлалаа.
