Дээхэн үеийн монгол эрчүүд сайн хүлэг мориныхоо дэлийг засаж, сайхан мөнгөн эмээл хазаараар гоёод холын аянд гардаг байлаа. Энэхүү нүүдэлчин ахуйн сэтгэлгээ нь өнөө цагт “сайхан” машин унах соёлоор илэрч байна. Өнөөдөр дэлхийн тансаг, үнэтэй авто машины зах зээлийн чиг хандлагыг Улаанбаатарын зам дээрээс харах боломжтой гээд хэлчихэд ч хилсдэхгүй.
Монголд өндөр үнэтэй автомашины хэрэглээ нэмэгдэж, нийслэлийн замд тансаг брэндүүд олноор харагдах болсон. Ер нь монголчууд үнэтэй авто машины хэрэглээгээрээ дэлхийн олон хүнд гайхагддаг. Бартаат зам ихтэй, эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд тохирсон Toyota Land Cruiser, Lexus LX, Mercedes‑Benz G‑Class зэрэг хүчирхэг SUV төрлийн автомашинууд Монголд хамгийн түгээмэл хэрэглэгддэг.
Монгол орны авто замын нөхцөл байдал болон монголчуудын сайн унаанд мөнгө зарж чаддаг сэтгэлгээ ч энд огтлолцож байх шиг. Түүнчлэн тансаг зэрэглэлийн спорт загварын машинууд, брендүүдийн цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн загварууд ч хотын замд давхиж, өнгө нэмэх болсон. Сүүлийн жилүүдэд Монголд өндөр үнэтэй супер болон люкс автомашинууд орж ирсэн тохиолдлууд олон бий.

Тухайлбал, 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй Lamborghini Aventador загварын спорт автомашин Монголд орж ирсэн талаар хэвлэлүүд мэдээлж байв. Мөн Rolls‑Royce Cullinan загварын тансаг машин хотын замд явж эхэлсэн. Түүнчлэн өнгөрсөн жилийн өдийд “Мон-Уран”-ы Б.Наранхүү 1.3 тэрбум төгрөгийн үнэтэй "Mercedes Benz G63 Gronos Coupé EVO C" загварын дэлхийд ердөө найман ширхэг үйлдвэрлэгдсэн автомашины нэгийг монголд оруулж ирж олны нүдийг хужирлаж байлаа.
-ДЭЛХИЙД 100 ШИРХЭГ ҮЙЛДВЭРЛЭГДСЭН АВТОМАШИН МОНГОЛД ИРСЭН ГЭЖ ШУУРАВ-
Дөнгөж өчигдөр буусан гэнэ дээ, энэ ганганууд
— Цэцэгхэн (@tsetsegkhen_m) March 10, 2026
Зөвхөн тээврийн зардалд 50.000$ гэхээр гааль бусад гээд бодсон чинь толгой хүрдэггүй ээ😜
Гэвч эзэн нь хэн юм бол доо @grok pic.twitter.com/xbT5rMwsTd
Харин сүүлийн өдрүүдэд онгоцоор тээвэрлэгдэн ирсэн тансаг зэрэглэлийн автомашинууд Монголд бууж буй зураг цахим сүлжээнд тавигдаж эдгээр автомашинуудын үнэ ханш, техникийн үзүүлэлт зэрэг нь олны анхаарлыг татаад байна. Энэ дундаас хамгийн сонирхолтой нь хэн үүнийг хөлөглөх вэ хэмээх асуулт байв. Олон нийтийн сүлжээнд нийтлэгдээд буй нэг нь Porsche 911 загвартай төстэй бөгөөд энэ загвар нь Германы Porsche компанийн хамгийн алдартай спорт автомашинуудын нэг юм.

Тус загварын суурь үнэ олон улсын зах зээлд ойролцоогоор 135 мянган ам.доллараас эхэлдэг бөгөөд Монгол төгрөгт шилжүүлвэл 480 орчим сая төгрөг болно. Хэрэв тус автомашинд монголд ирсэн бол импортын татвар, НӨАТ, тээврийн зардал зэрэг нэмэгдсэнээр эцсийн үнэ 900 саяас 1.2 тэрбум төгрөг хүрэх боломжтой. Техникийн үзүүлэлтийн хувьд 3.0 литрийн twin-turbо хөдөлгүүртэй, 379-473 морины хүчтэй бөгөөд 0-100 км/ц хурдыг ойролцоогоор 4 секундэд авдаг, дээд хурд нь 293 км/цаг хүрдэг байна. Харин зургаан дугуйтай Mercedes‑AMG G63 6×6 нь бартаат замын зориулалттай, маш ховор ангиллын автомашинд тооцогддог. Энэхүү машиныг Mercedes Benz компани 2013-2015 оны хооронд ердөө 100 ширхэгийг үйлдвэрлэжээ.

Анх худалдаанд гаргасан үнэ нь 379 мянган евро орчим байсан бол одоо зах зээлд 800 мянгаас 1 сая ам.доллараар үнэлэгдэж байна. Үүнийг монгол төгрөгт шилжүүлбэл ойролцоогоор 3,9 тэрбум төгрөгийн дүн гарч байгаа юм. Дээр нь импортын татвар, тээврийн зардал гэх мэт өртгийг нэмбэл, монголын зам дээр зургаан дугуйт Мерседесийг 5,5 тэрбум төгрөгөөр хөлөглөх боломжтой. Тус автомашин 5.5 литрийн V8 twin-turbо хөдөлгүүртэй, 536 морины хүчин чадалтай бөгөөд 0-100 км/ц хурдыг ойролцоогоор 6 секундэд авдаг. Газраас өндөр зай нь 460 мм, гурван тэнхлэг, зургаан дугуйтай учир хүнд бартаат замд зориулагдсан онцгой бүтэцтэй юм.
Ингээд бид нэг бүрд нь 50 мянган ам.доллар төлж онгоцоор монголд авчирсан гэх, дэлхийн зах зээл дээр 1 сая ам.долларын үнэтэй байгаа автомашинууд "Чингис хаан" олон улсын нисэх буудалд карго нислэгийн үйлчилгээгээр газардаж, нисэх буудлын гаалийн газарт бүрдүүлэлтээ хийлгэсэн эсэх талаар Албан эх сурвалжуудаас тодруулахад, "135 мянган ам.доллараас эхэлдэг Porsche, дэлхийд 100 ширхэг үйлдвэрлэсэн Mercedes‑AMG G63 6×6 загварын автомашинуудын гаалийн бүрдүүлэлт Чингис хаан нисэх буудлын гаалийн газарт хийгдээгүй, монголд агаарын тээврээр ийм автомашинууд ойрын жилдээ орж ирээгүй. Олон нийтийн сүлжээнд яваад байгаа мэдээлэл худал" гэсэн хариултыг өгсөн юм.