"Бөхийн өргөө"-ний хамгаалалтын албаны ажилтан, сумын заан Б.Баасантогтох, Улсын арслан Э.Батмагнайгаар нэг давжээ

"Бөхийн өргөө"-ний хамгаалалтын албаны ажилтан, сумын заан Б.Баасантогтох, Улсын арслан Э.Батмагнайгаар нэг давжээ

Өчигдөр /2026.03.02/ Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ой, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, бүрэн эрхт байдлаа баталгаажуулсан "Эх орончдын өдөр"-т зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан боллоо.  

Тус барилдааны нэгийн даваанд өмнөх хоёр өдрийн барилдаанд дараалан түрүүлж ховор амжилтын эзэн болсон Улсын арслан Э.Батмагнай, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харъяат сумын заан Б.Баасантогтохтой оноолт таарч, өвдөг шороодсон. Тэгвэл сумын заан Б.Баасантогтохын хувьд “Монгол бөхийн өргөө”-ний хамгаалалтын албанд ажилладаг аж.

Энэхүү барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын заан С.Сүхбат үзүүрлэжээ.