Эмийн үнийн ил тод байдлыг хангах цахим систем тогтмол ажиллаж байна

Эмийн үнийн ил тод байдлыг хангах цахим систем тогтмол ажиллаж байна

Иргэд эмийн үнэ болон ойр орчмын эмийн сангуудад хэдэн төгрөгөөр худалдаалж байгааг цахимаар харах боломжтой болсон. Энэхүү систем нь 2025 оны аравдугаар сараас нээлттэй болж, тогтмол ашиглагдаж байна.

Цахим платформоор хэрэглэгчид эмийн нэрээр хайлт хийж, тухайн эмийг аль эмийн санд ямар үнээр борлуулж байгааг харьцуулах боломжтой. Мөн хэрэглэгчийн байршилд тулгуурлан 5 км-ийн радиус доторх эмийн сангуудыг газрын зураг дээр харуулж, ойролцоох эмийн сангийн үнэ, байршлын мэдээллийг нэг дороос авах нөхцөл бүрдсэн байна. Уг системийг Эрүүл мэндийн хөгжлийн төв хариуцан ажиллуулж байгаа бөгөөд эмийн сангуудын И-баримтын системд бүртгэгдсэн бодит үнийн мэдээлэлд тулгуурлан харуулдаг аж. Мөн эмийн жортой эсэх, тун хэмжээ, хэрэглэх заавар, анхаарах заалт зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг давхар харах боломжтой бөгөөд ижил үйлчилгээтэй эмийн сонголтыг харьцуулан үзэх нөхцөл ч бүрджээ.

Ингэснээр иргэд эмийн үнийг харьцуулан сонголт хийх, хэт өндөр үнийн зөрүүг хянах, өөрт ойр байрлах эмийн сангаа шуурхай олох боломжтойгоос гадна эмийн талаарх суурь мэдээллийг нэг дороос авах давуу талтай болж байна. Иргэд эмийн үнийн мэдээллийг https://em.hdc.gov.mn/ хаягаар дамжуулан авах боломжтой.