CU сүлжээ дэлгүүрт орж ирсэн хоёр этгээд төлбөрөө төлөлгүй гарч зугтсан байж болзошгүй дүрс бичлэг цахим сүлжээнд нийтлэгдээд байна. Мөн тэдний араас гарсан дэлгүүрийн ажилтан эмэгтэйг хэл амаар доромжилж, авто зам руу түлхсэн гэх мэдээлэл цахим орчинд тархжээ.
ВИДЕО:
Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн хяналтын камерын бичлэгт хоёр залуу CU дэлгүүрт үйлчлүүлж, кассын хэсэгт зогсож байгаад ямар нэг зүйлээс зугтаан, гүйж гараад явж байгаа нь харагдах ажээ. Дүрс бичлэгийн цагийн тэмдэглэгээнээс харахад уг үйл явдал өнөөдөр /2026.11.28/ шөнийн 00:46 цагийн орчимд болсон бололтой.
Харин дэлгүүрийн ажилтан эмэгтэй өөрийн цахим хуудсандаа тухайн залуусын араас гарсны дараа нэг нь түүнийг “муухай үгээр” хэмээн доромжилж, улмаар автомашины зам руу түлхсэн гэж бичжээ. Тэрбээр цагдаагийн байгууллагад хандсан ч тухайн хүмүүсийн унаж явсан автомашин улсын дугааргүй байсан тул олоход хүндрэлтэй байгаа талаар дурдсан байна. Одоогоор хоёр залуу төлбөрөө төлөлгүй гарсан эсэх, ажилтан эмэгтэйг авто зам руу түлхсэн гэх үйлдэл болон хэргийн нөхцөл байдлыг холбогдох хуулийн байгууллагаас албан ёсоор мэдээлээгүй байна.