Хятадын Аньхуй мужид автомат зогсоолын системтэй цахилгаан автомашин нэг шөнийн дотор 868 удаа зогсоолд байрлах гэж оролдсон нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Тодруулбал, автомашины эзэн унтаж байх үед түүний автомашин газар доорх автозогсоолд өөртөө зогсоолын зай хайж, урагш хойш хөдөлсөөр байжээ.
ВИДЕО:
Уг үйл явдлыг зогсоолын хамгаалагч анх шөнийн 03:00 цагийн орчимд анзаарч, харин өглөө нь эзэн нь автомашиныхаа системийн бүртгэлийг шалгахад автомат зогсоолын функц нийт 868 удаа идэвхжсэн байсныг олж мэдсэн байна. Энэхүү бичлэг цахим орчинд тархсаны дараа хэрэглэгчид автомашины ухаалаг системийн ажиллагааг шоглон ярьж эхэлжээ.
Одоогоор уг асуудлын шалтгааныг албан ёсоор тогтоогоогүй байгаа аж. Энэ нь програм хангамжийн доголдол эсвэл гар утасны аппликейшнээр дамжуулан алсаас удирдсан байх боломжтой гэсэн таамаглал дэвшүүлж байгаа аж. Мөн энэ үйл явдлыг Huawei компанийн Qiankun ухаалаг жолоодлогын системтэй холбоотой автомат зогсоолын уралдаантай холбон тайлбарласан мэдээлэл гарсан ч уг таамаглал батлагдаагүй байна. Ийнхүү эзнээ унтаж байхад нэг шөнийн дотор 868 удаа зогсоолд байрлах гэж оролдсон автомашины бичлэг дэлхий нийтийн цахим хэрэглэгчдийн анхаарлыг татаад байгаа ажээ.
Эх сурвалж: ndtv.com