“Physical Asia” шоуны хоёрдугаар улирал 2027 онд нээлтээ хийнэ

“Physical Asia” шоуны хоёрдугаар улирал 2027 онд нээлтээ хийнэ

Netflix стриминг платформ “Physical: Asia” реалити шоуны хоёрдугаар улирлыг хийхээр болсноо албан ёсоор зарлалаа. “Physical: Asia Season 2 – Unbroken” нэртэй шинэ улирал 2027 онд дэлхийн үзэгчдэд хүрэх юм.

Netflix энэ сарын 19-нд шинэ улирлын талаарх мэдээллийг танилцуулжээ. Хоёрдугаар улиралд өмнөх шигээ улс орнуудын багууд үндэснийхээ нэрийн өмнөөс өрсөлдөх форматыг хадгалах боловч илүү өргөн цар хүрээтэй, шинэ сорилт, даалгавруудтай байх аж. Тус шоуны продюсер Жан Хо Ги шинэ улирлын талаар ярихдаа өмнөх улирлуудаас эрс ялгаатай шинэ ертөнц, “Physical” цувралын онцлог болох боломжтой сорилтуудыг боловсруулсан гэдгээ мэдэгджээ. Мөн улс орнуудын хоорондох өрсөлдөөнд л бий болох шинэ стратеги, багуудын учраа, таамаглахад бэрх үр дүнгүүдийг үзүүлэхээр төлөвлөж байгааг онцолсон байна.

Эргэн сануулахад, “Physical: Asia” шоуны эхний улирал 2025 оны аравдугаар сард нээлтээ хийж, Монгол, БНСУ, Япон, Тайланд, Турк, Индонез, Австрали, Филиппин гэсэн найман улсын 48 тамирчин өрсөлдсөн юм. Тус тэмцээнд Монголын баг Б.Орхонбаяр, Э.Энх-Оргил, Д.Энхбат, Г.Гантогтох, А.Амгаланзаяа болон Э.Лхагва-Очир нарын бүрэлдэхүүнтэй оролцож, финалын шатанд шалгарсан. Улмаар БНСУ-ын багтай аваргын төлөө өрсөлдөж, дэд байрт шалгарсан билээ. Харин хоёрдугаар улиралд ямар улс орнууд оролцох, багуудын бүрэлдэхүүн болон яг хэзээ нээлтээ хийх талаар Netflix одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.