Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, салбарын бодлого, шийдвэр, ажлын үр дүнгийн талаар тогтмол мэдээлэл өгөх зорилгоор сар бүрийн сүүлийн долоо хоногийн мягмар гарагт “Нээлттэй яам – Мэдээллийн цаг” арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Хууль зүйн эрх зүйн шинэчлэл маань иргэн төвтэй зарчимд тулгуурлана. Хүний эрхийг хангах, иргэдийн ашиг сонирхлыг хамгаалсан бодлого, үйл ажиллагаа явуулахад чиглэж байгаа. Мөн төрийн эрх мэдлийг хязгаарлаж, хариуцлагыг нэмэгдүүлнэ. Төр юу хийх ёстойг тодорхой болгож, үүнтэй холбоотой хууль тогтоомжийн зүйл, заалтыг нарийвчлах шаардлагатай байна.
Өмнө нь танилцуулсан 10 хуулийн төслөөс долоог нь УИХ-д өргөн мэдүүлээд байна. Үүнээс тав нь хэлэлцүүлгийн шатанд явж байгаа. Тухайлбал, орон сууцны залилантай холбоотой Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэнэ. Өнөөдөр Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх юм. Хэрэв батлагдвал иргэн орон сууцны захиалга өгөхөөсөө өмнө эрх ашгаа хамгаалуулах эрх зүйн орчин бүрдэнэ.
Мөн нотариатын үйлчилгээг хуульчилна. Ингэснээр хувийн хэвшлийн үзүүлдэг нотариатын үйлчилгээг иргэд цахимаар буюу зайнаас авах боломж бүрдэх юм.
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Засгийн газар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон төсөл бол Шүгэл үлээгчийн тухай хууль юм. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаа бөгөөд намрын чуулганаар батлах төлөвлөгөөтэй байна” гэлээ.