“Өвс” болон “дроп” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан иргэдэд 1-2 жилийн хорих ял оноожээ.
Тодруулбал, Х.М нь 2025 оны аравдугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд “дроп” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авч, Э.Ө-д худалдсан, мөн “өвс” болон “дроп” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар,
Э.Ө нь “өвс” болон “дроп” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Х.М, Э.Ө нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Х.М-д 2 жилийн хугацаагаар хорих ял, Э.Ө-д 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.