Ч.Баттулга: Миний танил коронавирусийн улмаас АНУ-д амиа алдсан

Ч.Баттулга: Миний танил коронавирусийн улмаас АНУ-д амиа алдсан

-ТАЛИЙГААЧ 40 ГАРУЙ НАСНЫ ХҮН БАЙСАН. ӨНДӨР ХАЛУУРСААР БАЙГААД НАС БАРСАН-

АНУ-д коронавирусийн халдвараар манай улсын нэг иргэн амиа алдсан байх магадлалтай гэх мэдээлэл байна. Талийгаач такси компанид ажилладаг байжээ. Уг хэрэг явдлын талаар талийгаачийн танил АНУ-д амьдардаг иргэн Ч.Баттулга өдрийн сонинд ярилцлага өгсөн байна.

Тэрбээр “Миний таньдаг хүн коронавирусийн улмаас амиа алдсан. Уг нь сахарын өвчтэй байсан. Гэхдээ ойр дотныхон нь коронавирусээс болж өнгөрсөн гэж үзэж байгаа. Тухайн хүнийг сайн мэднэ. Бас энд байдаг монголчууд дотроо болон монгол эмч нарын дунд дахиад гурван монгол иргэн нас барсан гэх яриа байгаа.

Талийгаач 40 гаруй насны залуу. Дөрөвдүгээр сарын дундуур халуурсаар байгаад өөд болсон юм билээ. Байнга сахарын шинжилгээ өгдөг. Гэхдээ тийм хүнд өвчтэй биш. Коронавирус тусаад л халуурсаар байгаад өөд болчихлоо гэж бодоод байгаа. Гэтэл нөгөө талаас сахарын өвчин нь мөн нөлөөлсөн гэж байгаа. Гэр бүлийнхэн нь АНУ дахь Элчин сайдын яаманд хандсан байх. Манайхан гэхдээ болсон бодит байдлыг нуугаад байх шиг байна.

Халдвартай гэхээр хүмүүс цэрвэж, гадуурхана гэж боддог юм уу зохих газар нь хандахгүй байна. Өндөр халуурах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэгтэй гэртээ хоригдож буй олон хүн байна. Манай найзууд дунд хоёр ч гэр бүл халдвар авсан, гэрийн хорионд байгаа. Харин хүүхдүүд нь шинжилгээгээр гайгүй гарсан гэсэн. Бид хоол хүнс гэрийнх нь гадна аваачиж тавьдаг. Энд байгаа монголчуудын хувьд удаан хугацаанд хөл хориотой байгаад ирэхээр ажилгүй, мөнгө төгрөггүй болох хүндрэлүүд яалт  ч үгүй үүсч байна” гэж ярьжээ.

Түүний хэлснээр хууль бусаар амьдарч буй бичиг баримтгүй хүмүүс үнэхээр хүндрэлтэй байгаа аж. Харин нийгмийн даатгалын дугаартай бичиг баримттай хүүхдэд 500 доллар, том хүнд 1200 доллар олгож эхэлсэн байна.