ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан цэргийн парадын бэлтгэл ажлыг эхлүүлэхийг Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд үүрэгдсэн талаар The Moscow Times мэдээллээ.
Жил бүрийн тавдугаар сарын 9-нд уламжлал болгон зохион байгуулагддаг тус үйл ажиллагааг дэлхий дахинд тулгараад буй цар тахлын улмаас хойшлуулаад байсан юм.
Орос улсад сүүлийн өдрүүдэд халдварын тархалт харьцангуй буурч, тогтвортой болж байгаатай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргажээ.
Путин өчигдрийн мэдэгдэлдээ “Аугаа эх орны дайны Ялалтын 75 жилийн ойд зориулсан цэргийн парадын бэлтгэлийг эхлүүлэхийг үүрэг болгож байна. 1945 оны зургадугаар сарын 24-нд Ленинградыг хамгаалж тулалдан ялалт байгуулсан цэргүүд Москва хотын Улаан талбайгаар жагсаж байсан тэр өдөр бид Ялалтын баярыг хийх болно. Жагсаалын бэлтгэл ажлыг явуулахдаа аюулгүй байдлыг хангахын тулд хатуу шаардлага тавихыг үүрэг болгож байна. Жагсаалд оролцогчдын хувьд эрсдэлийг байж болох хамгийн бага хэмжээнд байлгах ёстой” гэжээ. Тэрээр мужуудын захирагчдыг дээрх үйл ажиллагаанаас дөрвөн хоногийн өмнө ирж оролцохыг уриалав. Мөн Дэлхийн 2-р дайнд оролцсон дайчдад хүндэтгэл үзүүлдэг "Мөнхийн хороо" жагсаалыг Тэнгисийн цэргийн флотын өдөр буюу долдугаар сарын 26-нд зохион байгуулахаар төлөвлөж буй талаар мэдэгджээ.
Батлан хамгаалахын сайд С.Шойгуйн мэдэгдсэнээр гуравдугаар сараас хойш Оросын 5,500 цэрэг коронавирусийн халдвар авснаас 3500 нь эдгэжээ. Түүний хэлснээр Оросын цэрэгт вирусийн оргил үе дөрөвдүгээр сарын сүүлчээр өнгөрч зургадугаар сард нөхцөл байдал "төлөвлөсөн үе шатанд" орох төлөвтэй байгаа гэв.
Орос улс мягмар гаригт 8,915 коронавирусын шинэ халдвар бүртгэгдэж тус улсын албан ёсны тохиолдлын тоо 362,342-д хүрээд байна.