УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг АН-ын ҮБХ-ны босгыг давж чадахгүйгээ тооцоолж, ИЗНН-аас сонгуульд нэр дэвшихээр ойрын хүмүүсээ эртнээс байршуулсан байж магадгүй" хэмээн бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр /2026.11.27/ төрийн ордонд сэтгүүлчид дээрх асуудлыг ИЗНН-ын дарга Б.Батбаатараас тодруулсан байна. Тэрбээр "СЕХ-ны бүрэлдэхүүнд МАН болон АН-ын төлөөлөл зонхилж байгаа тул сонгуульд оролцогч бусад намуудад хяналт тавих, шийдвэр гаргах түвшинд тэгш оролцох боломжийг бүрдүүлэх ёстой. ИЗНН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг эхлүүлээд буй бөгөөд намын удирдлагын түвшинд уг сонгуульд оролцох нь зүйтэй гэсэн нэгдсэн ойлголттой байгаа. Гэхдээ уг асуудлыг намын дарга дангаар шийдэхгүй, төлөөллийн төв байгууллага болон намын эрх бүхий хурлуудаар эцэслэн шийдвэрлэнэ.
Одоогоор хуульд заасан 50 насны шалгуур хангасан, нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн 10 гаруй хүн бүртгүүлээд байна. Үүнээс ИЗНН-ын гишүүнчлэлтэй 5-6 хүн байгаа бол намд гишүүнчлэлгүй ч тус намаас нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн 7-8 хүн байгаа. 12 дугаар сарын 10-нд Их хурлаа зохион байгуулахаар товлосон, намууд ойролцоогоор нэгдүгээр сарын 10-ны орчимд нэр дэвшигчдээ тодруулах төлөвтэй байгаа тул энэ хугацаанд бүртгэлийг үргэлжлүүлэн, шийдвэр гаргах түвшинд оруулна" хэмээн ярилаа.
ИЗНН өнгөрсөн онд болон 2023 оны парламентын сонгуулийн өмнө намын дарга асан С.Оюунд "Төрд ажилласан туршлагатай, олон улсын харилцааны мэдлэгтэй эмэгтэй улс төрч" гэдэг утгаар Монгол Улсын Төрийн тэргүүнд нэр дэвших санал тавьж байжээ. С.Оюун дарга байр сууриа өмнө нь илэрхийлсэн бөгөөд жендэрийн тэгш байдлыг харгалзан үзэж байгаа ч нэр дурдагдмагц сөрөг хандлага үүсдэг тул зарим нэрсийг одоогоор нийтэд зарлах боломжгүй гэв.