Тээврийн цагдаагийн албыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Тээврийн цагдаагийн албыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Тээврийн цагдаагийн алба байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан тус албыг Төрийн цэргийн дээд шагнал Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Тус алба нь 1936 оны зургаадугаар сард БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Улсын цагдан сэргийлэх газрын дэргэд Уурын тэрэгний хэргийг шалган байцаах хэлтэс байгуулагдсанаар үүсгэн байгуулагдсан түүхтэй. Ойн арга хэмжээнд Ерөнхий сайд Н.Учрал оролцож, Тээврийн цагдаагийн албаны үе үеийн албан хаагчдад баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүлжээ.

Энэ үеэр тэрбээр хотжилт тэлж, тээврийн хэрэгслийн тоо, хөдөлгөөний эрчим нэмэгдэж буйтай холбоотойгоор замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлагатайг онцолсон байна. Ингэхдээ хиймэл оюун ухаан, мэдээллийн нэгдсэн сан, ухаалаг хяналтын тогтолцоонд тулгуурлан осол, эрсдэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь чухал гэдгийг тэмдэглэжээ. Мөн алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, мэргэшсэн, тогтвортой, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэхэд Засгийн газар дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.

Тээврийн цагдаагийн алба нь төмөр замын тээвэр, агаарын хил, нисэх буудлын онцгой бүсийн аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хамгаалах чиг үүрэгтэй ажилладаг юм. Тус албыг төрийн дээд одонгоор шагнасан нь үе үеийн алба хаагчдын эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн хэрэг болохыг Ерөнхий сайд онцолжээ.