“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат өнгөрсөн есдүгээр сарын 1 /2026.09.01/-ний орой орон нутгийн замд автомашинтай зорчиж явахдаа зам тээврийн осол гаргаж, таван тооны адуу мөргөсөн хэрэгт холбогдож, уг асуудал нь олны анхаарлыг татаж байсан.
Тухайн үед “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, бусдын олон тооны адууг дайрч, устгасан. Улмаар хохирлыг төлөхөөс зайлсхийж байгаа" гэх мэдээлэл гарч байв.
Мөн адууны эзэн Т.Тогтохбаяр, "Л.Чинбатын өмгөөлөгч надтай утсаар ярьсан. Намайг хэр их хохиролтой байгааг асуусан. Нийт хохирлоо 40-50 сая төгрөг гэж тооцож байгаа. Энэ талаараа нөгөө талд хэлэхэд "Хохирлын үнэлгээ өндөр байна" гэж хэлүүлсэн байна лээ. Одоо тэгээд хохирлоо л барагдуулж авмаар байна" хэмээн хэвлэлд ярьсан байдаг.
Харин зам тээврийн ослын улмаас таван тооны адуу мөргөж, өөрөө хүнд гэмтсэн Л.Чинбатын өмгөөлөгч Х.Оюунбаяр "Энэ сарын 1-ний 21.00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд осол болсон. Хэргийн бодит байдал сошиалаар явж байгаа шиг өөрийнхөө эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулан барин, зүгээр явж байсан адуунуудыг дайраад хөнөөсөн гэдгээс тэс өөр үйл явдал болсон. Тухайн осол болсны дараа түргэн тусламжийн машинаар сумын эмнэлэгт хүргэгдэж анхны тусламж аваад, хотод эмчлүүлэхээр эмнэлэг рүү шууд явсан. Сумын эмнэлэг тухайн үед цусны шинжилгээ авсан. Уг шинжилгээгээр согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх нь тогтоогдох байх.
Малчинтай нь тэр даруй өмгөөлөгчийн хувиар ярьж, болсон асуудлыг хэрхэн шийдвэрлэх хүсэлтэй байгааг нь асуусан. “50 сая төгрөг өг, хурдын удмын адуу байсан. Үгүй бол хэвлэлд хандана” гэсэн.
Өнөөдөр бас яриад “Мөнгөө өгөх үгүйгээ хэл” гэхээр нь “Өгөх боломжгүй ээ, хуулийн байгууллага шалгаж байгаа. Та өөрөө малаа маллах, харж хандах үүрэгтэй биз дээ” гэсэн чинь өмгөөлөгч нь “20 саяыг авбал ав. Авахгүй бол “300” машины өрөнд орно” гэж дарамталсан ташаа мэдээлэл тарааж байгаад харамсаж байна. Хэргийн газарт яг юу болсныг хэн ч хараагүй байж нийтээрээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон, харанхуй шөнө засмал зам дээр дүрмийнхээ дагуу явж байсан миний үйлчлүүлэгч рүү дайраад байж болохгүй. Малчин хүн малаа маллаж, малынхаа үр шимийг өөрөө авдаг байж, малаа өөрөө хариулж, харж хандах үүрэг гэж байх ёстой. Харанхуй шөнө адуу мал гэнэт зам дээр гарч ирснээс олон жолооч гэр бүл, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон ноцтой зам тээврийн ослууд болдог. Энэ асуудалд малчид маань ч гэсэн хариуцлагатай байх хэрэгтэй гэж бодож байна" гэх тайлбарыг өгч байсан юм.
Тэгвэл “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатын зам тээврийн осол гаргаж, бусдын олон тооны малыг дайрсан гэх хэргийг хуулийн байгууллагаас шалгаад түүнийг зөрчлийн хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулсан байна.
Тодруулбал, түүнийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-т заасны дагуу буюу жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу 100 мянган төгрөгөөр торгожээ.