Жеффри Эпштейн амиа хорлоогүй гэж хөндлөнгийн гурван шинжээч дүгнэжээ

Жеффри Эпштейн амиа хорлоогүй гэж хөндлөнгийн гурван шинжээч дүгнэжээ

Шүүхээс бэлгийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон Жеффри Эпштейн 2019 онд хорих өрөөндөө амиа хорлосон гэх АНУ-ын шүүх эмнэлгийн шинжээчийн өмнөх дүгнэлтэд эргэлзээ төрүүлсэн тайланг гурван шинжээч танилцуулжээ.

Шүүх эмнэлгийн шинжээч Майкл Фриман, шүүх эмгэг судлаач Андерс Эрикссон, танин мэдэхүйн шинжлэх ухааны судлаач Итиэл Дрор нар Эпштейний цогцост илэрсэн гэмтлүүд нь амиа хорлолтоос илүүтэйгээр “хүний үйлдлээр боомилж хөнөөсөн” гэх хувилбарт нийцэж байна гэж дүгнэжээ. Эпштейнийг эхлээд зодож, дараа нь боомилсон байж болзошгүй гэж тэд үзэж байгаа нь 2019 онд шүүх эмнэлгийн шинжээчийн гаргасан дүгнэлтээс өөр хувилбар юм. Эпштейний үхлийн шалтгаан олон жилийн турш маргаан, хуйвалдааны онолуудын сэдэв болсоор ирсэн. Шүүх эмнэлгийн шинжээч Кристин Роман Эпштейний цогцост задлан шинжилгээ хийж нотлох баримтууд түүнийг дүүжилж амиа хорлосныг харуулж байна гэж эцэслэн дүгнэсэн юм. Бусад шинжээч ч тэдний дүгнэлтийг дэмжиж, Эпштейний үхлийн нөхцөл байдал ер бусын байсан ч энэ нь амиа хорлосон гэх хувилбартай зөрчилдөхгүй гэж тайлбарлаж байв. Гэвч Эпштейний ах Марк шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлтэд удаан хугацааны турш эргэлзэж иржээ. Тэрээр Орегон мужид ажилладаг шүүх эмнэлгийн шинжээч Фриманд дүүгийнхээ үхэлтэй холбоотой баримт бичгүүдийг өгсөн байна. Харин Эрикссон нь Шведэд ажилладаг шүүх эмгэг судлаач бөгөөд бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт зарим насанд хүрэгчдийг яллахад ашиглагддаг, маргаантай онош болох сэгсэрсэн хүүхдийн хам шинжийн талаар судалгаа хийж байжээ. Тэрээр Фриманы хамт шүүх эмнэлгийн шинжлэх ухаанд нөлөөлдөг өрөөсгөл хандлагыг судалдаг танин мэдэхүйн шинжлэх ухааны судлаач Дрортой хамтран ажилласан байна.

Эпштейн нас барах үедээ олны танил хүн байсан бөгөөд түүний хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагчдад улс төрийн ихээхэн дарамт ирж байсан гэж Дрор үзэж байна. “Энэ нь цогцост хийсэн шинжилгээнд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн нь илт байна. Асар их сэтгэл хөдлөл, олон хүний ашиг сонирхол, улс төрийн хүчин зүйлс оролцож байсан. Энэ бүхнийг нэг цагийн турш тоочиж болно. Эдгээр хүчин зүйл бүгд шинжлэх ухааны үндэслэлтэй гарах ёстой шийдвэрт саад болж, түүнийг өрөөсгөл болгож, нөлөөлсөн” гэж Дрор Аль Жазирад ярьжээ. Дрор өөрийн хамтран ажиллагсдын хамт Эпштейний үхэлтэй холбоотой гэрэл зураг, баримт бичгүүдийг нарийвчлан судалж, шүүх эмнэлгийн шинжээч түүнийг амиа хорлосон гэж буруу дүгнэсэн гэсэн байр сууринд хүрснээ тайлбарлажээ.

Гурван шинжээч тайландаа анхны мөрдөн шалгалтын явцад хэд хэдэн асуудал гарсныг онцолсон байна. Тухайлбал, Эпштейний цогцсыг олсон хорих ангийн ажилтнууд түүнийг байрнаас нь хөдөлгөхөөсөө өмнө гэрэл зураг аваагүй. Мөн түүний хүзүүнд байсан боолт буюу дүүжлэхэд ашигласан эд зүйлийг мөрдөн шалгагчид тогтоож чадаагүй гэж тэд үзэж байна. Түүнчлэн мөрдөн шалгах шаардлагатай зарим чиглэлийг орхигдуулсан гэж тайланд дурджээ. Эпштейний цогцсыг анх олсон хорих ангийн ажилтан мэдүүлэг өгөхөөс эхлээд татгалзсан, түүнийг амиа хорлосон гэж дүгнэсэн шүүх эмнэлгийн шинжээчид хорих ангид очиж үзлэг хийхийг зөвшөөрөөгүй гэж тайланд бичжээ. Мөн Эпштейний биед илэрсэн гэмтлүүдийн талаарх шүүх эмнэлгийн шинжээчийн үнэлгээтэй тэд санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Судлаачдын үзэж байгаагаар Эпштейний хүзүүнд дүүжлэхэд ашигласан эд зүйлээс үлдсэн мөр нь түүний цогцсыг хорих өрөөний орны хөлнөөс дүүжилсэн байсан гэх хувилбартай нийцэхээр ташуу чиглэлтэй байгаагүй аж. Түүнчлэн Эпштейний нуруу, мөр, хүзүүнд хөхрөлт, няцралт илэрснийг анхны шүүх эмнэлгийн дүгнэлтэд огт дурдаагүй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Тэдний тайланд дурдсанаар эдгээр гэмтэл нь “араас нь нарийн, зангидсан даавуун боолтоор боомилж хөнөөсөн” гэх хувилбарт хамгийн их нийцэж байгаа аж. Фриман, Эрикссон, Дрор нарын үзэж байгаагаар Эпштейний цогцсыг анх олсон хорих ангийн ажилтан түүнийг дүүжлэгдсэн байдалтай олсон гэж худал мэдүүлсэн, эсвэл амиа хорлосон мэт харагдуулахын тулд цогцсыг зориудаар тийм байрлалд оруулсан гэсэн хоёр хувилбарын аль нэг нь үнэн байх магадлалтай.