Монгол Улсаас төрөн гарсан шатрын анхны эмэгтэй их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул Дэлхийн шатрын холбооны Тамирчдын комиссын гишүүн болжээ.
Олон улсын шатрын холбооны зөвлөлөөс 2026-2028 онд ажиллах Тамирчдын комиссын бүрэлдэхүүнийг баталж, тэдний нэгээр эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж яваа шилдэг шатарчин Б.Мөнгөнтуулыг сонгосон байна. Тэрбээр энэхүү комисст дэлхийн шатрын ертөнцийн томоохон төлөөллүүдтэй хамт ажиллаж, олон улсын тамирчдын дуу хоолой, эрх ашгийг хамгаалах чухал үүргийг гүйцэтгэнэ. Комисст их мастер Б.Мөнгөнтуул (Монгол), Левон Аронян (АНУ), Максим Вашье-Лаграв (Франц), Ирина Круш (АНУ), Ханс Моке Ниманн (АНУ), олон улсын мастер Омар Ноаман (АНЭУ), Тран Тхань Ту (Япон) нар багтжээ. Монголын шатрын спортын түүхэнд бас нэгэн шинэ хуудас нээж, олон улсын удирдах түвшинд эх орноо төлөөлөх Б.Мөнгөнтуул Тамирчдын комисст багтсан анхны шатарчин болж байна.
Өдгөө 39 настай түүний хувьд эмэгтэй их мастер цолыг 23 жилийн өмнө 16 насандаа Монгол Улсаас анхлан хүртсэн байдаг. Түүнчлэн 2000 онд анх Монголын шигшээ багт багтан, Дэлхийн шатрын олимпиадын 2-р ширээнд тоглож, 14 өргөөс 9.0 оноо авсан. 2025 онд Б.Мөнгөнтуул ФИДЕ-гийн гранпри тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлж байв.