"Ногоон автобусны хэрэг"-ээр хоригдож байсан "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг нарт холбогдох хэргийн шүүх хурал маргааш болно.
Тодруулбал, "Ногоон автобусны" гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийг гурван шатны шүүх хэлэлцээд, Улсын дээд шүүх зарим хэсгийн дахин анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шийдвэрийг гаргасан байдаг. Анхан шатны шүүх Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатарын хэргийг цагаатгасан бол "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуягт 6 жилийн хорих ял, С.Жавхлантбаатарт 3 жилийн хорих ял, Ажлын хэсгийн гишүүн н.Чойжилсүрэнд 2.6 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, х.Баярмаад 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон.
Харин давж заалдах шатны шүүх тус хэргийг хэлэлцээд А.Ганхуягт оноосон залилах гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол хяналтын шатны шүүх залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь "Эрүүгийн эрх зүйн суурь онол, шүүхийн практикт нийцээгүй" гэх дүгнэлтийг хийж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Энэ дагуу А.Ганхуяг нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх маргааш буюу арваннэгдүгээр сарын 20-ны өдөр хэлэлцэхээр товложээ.