Тансаг сүрчгийг нь ШТС-ын хямд тасагт зарсан гэх үндэслэлээр Дэвид Бекхэм “Coty” компанийг шүүхэд өгчээ

Тансаг сүрчгийг нь ШТС-ын хямд тасагт зарсан гэх үндэслэлээр Дэвид Бекхэм “Coty” компанийг шүүхэд өгчээ

Английн хөлбөмбөгийн домог, загварын ертөнцийн од Дэвид Бекхэм өөрийн нэрийн “тансаг зэрэглэлийн” үнэртэй уснуудыг хямдралтай сүлжээ дэлгүүр болон шатахуун түгээх станцын хямд барааны тасагт худалдаалсны төлөө гоо сайхны компаниас 41 сая ам.доллар нэхэмжлэн шүүхэд хандлаа.

Тодруулбал, түүний арилжааны компани болох “DB Ventures” нь Бекхэмийн нэрийн сүрчиг, ариун цэврийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн борлуулдаг Германы гоо сайхны “Coty” группын эсрэг Нью-Йоркийн Дээд шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Эдгээр бүтээгдэхүүнд “Classic”, “Instinct” болон “Intimately”, “Exquisite Leather” зэрэг цувралууд багтдаг байна. Нэхэмжлэлд Бекхэмийн дэлхийд алдартай брэнд нь чанар, эрхэмсэг байдлын илэрхийлэл бөгөөд “Дэвид Бекхэм” бүтээгдэхүүнүүд нь өдөр тутмын тансаг хэрэглээний бэлгэ тэмдэг гэдгийг онцолсон байна. Түүнчлэн “Дэвид Бекхэмийн бүтээгдэхүүнүүд шатахуун түгээх станц болон Их Британийн хямд үнийн сүлжээ дэлгүүр ‘Poundland’-ын хямдралтай барааны сагсанд орж, нэг долларын дэлгүүрийн үнээр зарагдаж байгааг олж мэдэхэд ‘DB Ventures’-т ямар их цочрол, харамсал төрснийг төсөөлөөд үз дээ. Энэ нь брэндийн нэр хүндийг хямд, гологдол бараатай холбож байна” хэмээн шүүхийн баримт бичигт дурджээ. Тиймээс “DB Ventures” лицензийн гэрээгээ зөрчсөн хэмээн үзэж, дор хаяж 41 сая ам.долларын хохирол барагдуулахыг шаардаж байгаа юм.

Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг “Coty” компани шүүхээс хүсжээ. Тус компани Нью-Йоркийн шүүх энэ хэргийг хянан шийдвэрлэх харьяалалгүй гэж маргахаас гадна “DB Ventures” нь одоогийн гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээгээ өөр компани болох “Interparfums”-д шилжүүлэхийн тулд энэ шүүх хэргийг зориудаар зохион байгуулж байна хэмээн мэдэгдсэн байна. “Coty”-ийн зүгээс Мягмар гарагт Associated Press агентлагт өгсөн тайлбартаа “Бид нэхэмжлэлийг эрс няцааж, шүүхэд хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан. Шүүхийн процесс үргэлжилж байгаа тул нэмэлт тайлбар өгөхгүй” гэжээ.

“Манчестер Юнайтед”, “Реал Мадрид” зэрэг клубүүд болон Английн шигшээ багийн ахлагч асан, өдгөө “Интер Майами” багийн хамтран эзэмшигч Дэвид Бекхэмийг өнгөрсөн жил Их Британийн хаан III Чарльз хөлөг баатрын хэргэмээр шагнаж, “Сэр Дэвид” болгосон билээ. “Sunday Times” сонины баячуудын жагсаалтаас харахад Дэвид болон загвар зохион бүтээгч Виктория Бекхэм нарын нийт хөрөнгө 1.2 тэрбум фунт стерлинг буюу 1.58 тэрбум ам.доллароор үнэлэгджээ.